Өр авлагыг барагдуулах үүрэг өгөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-10 10:32:55

Ховд аймгийн ИТХ-ын энэ оны  89 дүгээр тогтоолын дагуу  аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс төсвийн орлогын биелэлтэд анхаарч, төсвийн зарлага санхүүжилтийн хэмнэлтийн горимд шилжүүлж, иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх  арга хэмжээ авч байна. Энэ тухай Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонхандаас тодрууллаа.

-Төсвийн сахилгыг дээшлүүлэх чиглэлээр ямар санаачилга гаргаад байна вэ?

-Аймгийн санхүү төсвийн байдалд дүгнэлт хийж төсвийн өр авлагыг барагдуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2016 оны 08 сарын 17-ны өдрийн А\411 дүгээр захирамжаар  байгуулан ажиллаж  байна. Санхүү төсвийн сахилгыг сайжруулж,өр авлага барагдуулах тухай Аймгийн Засаг даргын 07 тоот албан даалгавар гаргаж, сум байгуулагуудаад хүргүүлж, хэрэгжүүлэхийг үүрэг болгоод байна. Хөрөнгө оруулалтын хамтын сангаас авсан зээл, ОНХС-аас авсан зураг төсөв, хяналтын зардал, санхүүжилтийн хяналтын тооцоог барагдуулахаар ажиллаж байна.

-Төсвийн тодотголоор ямар асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн бэ?

-Төсвийн тодотгол хийж аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар батлуулж, тодотголоор санхүүгийн дэмжлэг 418 сая,тусгай зориулалтын шилжүүлэг 310,7 сая төгрөгөөр нэмэгдэж, ОНХСан 755,8 сая төгрөгөөр буурсан тодотгол хийгдлээ. Уг тодотголд өмнөх 2015 оны өрний асуудлыг тусгаж шийдвэрлүүлэхээр боллоо.

Аймгийн ИТХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэхэд үндэслэлгүй төлөвлөгдсөн үйл ажиллагааны орлого, улсын тэмдэгтийн хураамж, түгээмэл тархацтай ашигт малтмалын орлогыг  548,9 сая төгрөгөөр бууруулж батлуулав.

Орон нутгийн төсвийн 2,3 дугаар улирлын урьдчилсан гүйцэтгэлийг гаргаж холбогдох удирдлагуудыг  мэдээллээр  ханган ажиллаж байна.

-Төсвийн орлогын биелэлт ямар түвшинд  байна вэ?

-Энэ оны 3 дугаар улирлын байдлаар орлого 82,2 хувийн биелэлттэй байгаа тул Татварын хэлтсийн дарга, тасгийн дарга нарт нөөц боломжийг дайчилж орлого биелүүлэх талаар үүрэг чиглэл өглөө. Санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлж, Өр авлагыг барагдуулах нь  сэдэвт  сургалтыг  сумдын санхүүгийн  албаны  дарга, аймгийн  төсвийн орон нутгийн төсвийн байгууллагын нягтлан бодогч 50 гаруй хүнд нэг өдрийн семинар хийсэн бөгөөд орлогын  төлөвлөгөөг биелүүлэх, зарлага санхүүжилтийг хугацаанд нь гаргах, өр авлагыг барагдуулах, ажлын  хариуцлагыг  сайжруулах  талаар үүрэг  чиглэл өгөв.

А.Бямбасүрэн

 

 

 

 

相关新闻