Д.Уранчимэг: Захиргааны ерөнхий хууль төрийн албан хаагчийн ширээний ном байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-09 22:14:24

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум Удирдах ажилтны зөвлөгөөнөө хийсэн талаар бид мэдээлсэн. Мөн үеэр тус суманд ажилласан аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Эрдэнэцогт сумд болсон сургалтаар юуг голчлон анхаарсан бэ?

-Бид төрийн албан хаагч хуулиар олгогдсон ямар эрх үүргийг эдэлдэг, ямар хариуцлага хүлээдэг талаар заалаа. Энэ оны долдугаар сарын 1-нээс эхлээд Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж, улс орон даяар мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулиар төрийн албан хаагчдын үйл ажиллагааг нэлээд журамлаж өгсөн. Захиргаанаас гаргаж буй шийдвэрийг үндэслэлтэй болгохын тулд олон эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн. Тийм учраас энэ хууль төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн ширээний ном байх ёстой. Энэ утгаараа Захиргааны ерөнхий хууль хэр сайн хэрэгжиж байна, тэр хэмжээгээр тухайн байгууллага, албан хаагчийн хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж байна гэж ойлгох ёстой учраас энэ хуулийн талаар сургалтаар дамжуулж тайлбарлалаа.

Нөгөө талаар Засаг дарга ямар ямар салбарын хууль, тогтоомжид заасан ямар эрх эдлэх, үүрэг хүлээх ёстой гэдгийг нарийн тодорхой болгож өгөх үүднээс холбогдох салбаруудын хуулиас түүрэвлэж тайлбарлаж өгсөн. Энэ утгаараа энэ удаагийн сургалт үр дүнтэй болсон гэж байдаж байна.

-Хөдөө сумдад төрийн албан хаагчдын маань иргэддээ хууль эрх зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, өөрсдөө хуулийг ашиглах чадвар ямар хэмжээнд байна гэж харав?

-Төрийн албанд орох шалгуур өндөр. Хуульд заасан шалгуурыг хангасан, сонгогдсон этгээд төрийн албанд ажиллаж байгаа. 2016 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдож гарч ирсэн Засаг дарга нар, ИНХ-ын төлөөлөгч нар нутаг орондоо хүлээн зөвшөөрөгдсөн, төрийн албыг хаших чадвартай хэмээн ард түмэн нь үзсэн учраас сонгогдсон гэж ойлгож байгаа.

-Цаашид энэ төрлийн сургалтыг үргэлжлүүлэх үү?

-Бид хууль, эрх зүйн сургалтыг төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан хүсэлтийн дагуу зохион байгуулж байна. Эхнийх нь Эрдэнэцогт сумын ЗДТГ байсан. Дараагийн сургалтууд төлөвлөгдсөн байгаа. Тухайн хамт олон, байгууллагын өөрийн хүсэлтээр сургалтыг зохион байгуулж буй нь ач холбогдол, үр өгөөжийн хувьд өндөр байна гэж харж байгаа учир сургалтаа бид цаашид үргэлжлүүлээд явна.

Б.Мөнхзул

相关新闻