Эрдэнэцогт сум "Удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн"-өө хийсэн эхний сум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-09 21:58:54

Баянхонгор сумын Эрдэнэцогт суманд Удирдах ажилтны сургалт, зөвлөлгөөн боллоо. Тус сум бусад сумдаас хамгийн эхэнд 2016 оны сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-ын төлөөлөгчид, сум, багийн Засаг дарга нарынхаа дунд эл зөвлөгөөнийг хийж буйгаараа онцлог.

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан энэ цаг мөчид цаг хугацааг ашиглах, хурдтай ажиллах нь хамгийн чухал гэж тус сумын удирдлагууд үзжээ. Сургалт зөвлөгөөний үеэр аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг, тус хэлтсийн мэргэжилтэн Ц.Азбаясгалан нар сумын ИТХ, ЗДТГ-т шинээр томилогдсон болон төрд түмнээ төлөөлж ажиллах үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад хууль, эрх зүйн  сургалтыг хийлээ. Тус сургалт төрийн албан хаагч, тэр дундаа төрийн удирдлагын баг, бүрэлдэхүүнд төрийн үйл ажиллагааг иргэдэд хууль эрх зүйн хүрээнд хүргэхэд тус дөхөм болно гэж зохион байгуулагчид үзсэн байна.

Тус сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар улиран сонгогдсон бөгөөд мөн үеэр, “Би шинээр сонгогдсон Засаг дарга. Хуучнаараа байна гэж ойлгож болохгүй. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө бүгд шинэ сэтгэлгээгээр, эрч хүчтэй, хурдтай ажиллах ёстой гэдгийг” хэлж байлаа.

Эрдэнэцогтчууд төр захиргааны байгууллагаа цэгцэнд нь оруулж, төрийн албан хаагчид, тэр дундаа удирдах ажилтнуудынхаа хурлыг хийж, өвөл, хаврын их ажилдаа ийнхүү гарч байна.

                                                                                                                 Б.Мөнхзул

相关新闻