Их Британи улс Палестин улсыг хүлээн зөвшөөрнө гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-07-30 10:10:48

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 30 /BBC/. Газын зурвас дахь аймшигтай нөхцөл байдлыг зогсоох чиглэлд Израилын тал бодитой алхмуудыг хийхгүй бол манай улс ирэх есдүгээр сард Палестин улсыг хүлээн зөвшөөрнө гэж Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер мэдэгджээ.


Ерөнхий сайд хэлэхдээ, Израилын тал гал зогсоох тохиролцоонд хүрэх, хоёр улсын шийдэлд хүрэх урт хугацааны тогтвортой энх тайван тогтоох амлалт өгөх, тусламж үзүүлэх ажиллагааг дахин эхлүүлэхийг НҮБ-д зөвшөөрөх зэрэг нөхцөлүүдийг биелүүлэх ёстой, эс тэгвээс Их Британи есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр ийм алхам хийнэ гэв.


Харин Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хариу мэдэгдэл хийхдээ, энэ алхам нь ХАМАС-ын аймшигт терроризмыг шагнасан явдал болно” гэжээ.


Палестиныг хүлээн зөвшөөрөх шийдвэрийг энх тайвны үйл явцын нэг хэсэг болгон хамгийн их нөлөө үзүүлэх боломжтой үед гаргах ёстой гэж Их Британийн засгийн газар өмнө нь мэдэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд энэ чиглэлд илүү шуурхай ажиллахыг шаардсан парламентын гишүүдийн шахалттай тулгарах болжээ.


Өнгөрсөн долоо хоногт Франц улс мөн есдүгээр сард Палестин улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрнө гэдгээ зарласан нь дэлхийн хамгийн баян чинээлэг орнуудаас бүрддэг “Долоогийн бүлэг”-ээс ийм мэдэгдэл хийсэн анхны орон болсон билээ.


К.Стармер засгийн газрыг яаралтай хуралдуулсныхаа дараа хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлэхдээ, Газын зурваст тэвчихийн аргагүй нөхцөл байдал үүсэж, хоёр улс зэрэгцэн орших шийдэлд хүрэх боломж багасаж байна” хэмээн санаа зовниж байгаа тул төлөвлөгөөнийхөө талаар одоо зарлаж байна гэжээ. Түүний “үндсэн зорилго нь Газын зурвасын нөхцөл байдлыг сайжруулах, тэр дундаа тусламжийг нэвтрүүлэх явдал юм гэж Ерөнхий сайд нэмж хэлжээ.


Гэхдээ Израилын одоогийн засгийн газар "хоёр улсын шийдлийг" хэрэгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гаргахыг эсэргүүцэж байгаа тул дээр дурдсан нөхцөлүүдийг зөвшөөрөх магадлал тун бага байна. К.Стармер мөн ХАМАС бүлэглэлийнхэн барьцаанд байгаа бүх хүнийг нэн даруй суллаж, гал зогсоох гэрээнд гарын үсэг зурж, зэвсгээ хураалгаж, Газын засгийн газарт ямар ч үүрэг гүйцэтгэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой гэж хэлжээ.


Энэхүү мэдэгдлийн хариуд Б.Нетаньяху олон нийтийн сүлжээнд бичихдээ, “ӨНӨӨДӨР Израилын хил дээр байгаа жихадист улс МАРГААШ Их Британид заналхийлэх болно. Жихадист террористуудын таалалд нийцүүлэх нь үргэлж бүтэлгүйтдэг. Та бүхний хувьд ч ялгаагүй байх болно. Ийм зүйл болохгүй” гэсэн байна.

相关新闻