Английн бүсгүйчүүд ЕАШТ-д хоёр дахь удаагаа дараалан түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-07-28 09:16:05

ЖЕНЕВ, 2025 оны долоодугаар сарын 28 /TASS/. Английн эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээний /ЕАШТ/ шигшээ тоглолтод Испанийн багийг торгуулийн цохилтоор хожлоо. Тус тэмцээнийг Швейцар улсад зохион байгуулсан бөгөөд финалын тоглолт Базель хотод болжээ.


Үндсэн болон нэмэлт цаг 1:1 харьцаатай тэнцээгээр дууссан байна. Испанийн шигшээ багаас 25 дахь минутад Мариона Кальдентей гоолдсон бол Английн  довтлогч Алессия Руссо 57 дахь минутад тооны харьцааг тэнцүүлжээ. Торгуулийн цуврал цохилтод Английн баг 3:1-ээр илүүрхсэн байна.


Английн шигшээ баг тус тэмцээнд дараалан хоёр удаа түрүүлсэн хоёр дахь баг болж байна. Өмнөх ЕАШТ-ий финалын тоглолтод Английн бүсгүйчүүд нэмэлт цагт Германы багийг 2:1-ээр хожиж, анх удаа аваргын цол хүртсэн юм. Харин Испанийн шигшээ баг тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байгаагүй бөгөөд анх удаа финалд шалгарч тоглосон юм.


Тэмцээний шилдэг мэргэн буучаар Испанийн шигшээ багийн довтлогч Эстер Гонсалес тодорлоо. Хоёр жил дараалан "Алтан бөмбөг"-ийн эзэн болсон Айтана Бонмати хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан байна. Шилдэг хаалгачаар Английн багийн Ханна Хэмптон тодорсон бол ЕАШТ-ий шилдэг залуу хөлбөмбөгчөөр Английн шигшээ багийн 19 настай Мишель Агиемангийг нэрлэжээ. 

相关新闻