ФИФА-гийн Африк дахь төлөөлөгчийн газрыг нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-27 10:15:51

РАБАТ, 2025 оны долоодугаар сарын 27. /ТАСС/. Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ Африк дахь төлөөлөгчийн газрыг нээх ёслол Марокко улсын нийслэлийн ойролцоох Сале хот дахь VI Мухаммед хааны нэрэмжит хөл бөмбөгийн цогцолборт боллоо.


Нээлтийн ёслолд ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино, Африкийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Патрис Мотсепе, Мароккогийн Эзэн хааны хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Фаузи Лекжаа нар болон албаны бусад хүмүүс оролцсон байна.


Ёслолыг нээж Ж.Инфантино үг хэлэхдээ “энэ бол ФИФА, Африкийн болон Мароккогийн хөл бөмбөгийн түүхэнд алтан үсгээр бичигдэх түүхэн цаг мөч мөн, энэхүү нээлтийн ажиллагаа энэ сарын 30-нд болох Мароккогийн үндэсний баяр буюу Хаан ширээний өдөртэй давхцаж байгаагаараа онцлог” гэлээ.   

Тэрбээр Африк тивд спортыг хөгжүүлэхэд Мароккогийн хаан VI Мухаммедын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлээд “Марокко улс дэлхийн хөл бөмбөгийн төвүүдийн нэг болсныг” дурдав. Тус улс 17 хүртэлх насны охидын ДАШТ, 2025 оны эрэгтэйчүүдийн Африкийн цомын тэмцээн, 2030 оны ДАШТ-ийг зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм.


Одоогийн байдлаар Касабланка, Танжер, Рабат, Марракеш болон бусад хотод орчин үеийн цэнгэлдэх хүрээлэнгүүд, бэлтгэлийн баазууд болон дэд бүтцийн байгууламжуудыг барих ажил ид өрнөж байна.


2030 оны ДАШТ-ийг гурван тивийн 6 улсад явуулах шийдвэрийг ФИФА гаргасан билээ. Тус тэмцээний эхний гурван тоглолт Аргентин, Парагвай, Уругвайд болж, бусад тоглолтыг Испани, Португал, Марокко улсууд зохион байгуулах юм.   

相关新闻