Орос, Беларусийн гандболчдыг олон улсын тэмцээнд оролцуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /РИА Новости/. Орос, Беларусийн гандболын шигшээ багуудыг 2026 оноос эхлэн олон улсын тэмцээнд дахин оролцуулахаар Олон улсын гандболын холбоо /IHF/ төлөвлөж байна. Энэ тухай тус холбооны ерөнхийлөгч Хассан Мустафа-гаас Беларусийн гандболын холбооны тэргүүн В.Коноплев-т илгээсэн захидалд дурджээ.
Европын гандболын холбоо /EHF/
болон IHF 2022 оны гуравдугаар сард Украинд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ,
Беларусийн шигшээ багууд, клубүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг тодорхойгүй
хугацаагаар хориглосон юм.
“Та бүхний мэдэж байгаачлан, ОУОХ-оос
тодорхой хатуу шаардлагуудыг мөрдөж буй тохиолдолд Орос, Беларусийн паспорттой,
бие даасан статустай тамирчдад олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрч байгаа
билээ. Мөн IHF холбоо Орос, Беларусийн шигшээ багуудыг 2026 оноос эхлэн тус
холбооны ивээл дор болдог тэмцээнүүдэд оролцуулахаар төлөвлөж байгаа тул та
бүхний тэвчээр, хамтын ажиллагааг өндрөөр үнэлж байна” гэж Х.Мустафа захидалдаа
дурдсаныг Беларусийн гандболын холбооны цахим хуудсанд нийтэлжээ.
Саяхан Оросын гандболын холбооны
дээд зөвлөлийн дарга Сергей Шишкарев мэдэгдэхдээ, удахгүй энэ сарын 19-22 онд
Египетийн нийслэл Каир хотод болох IHF-ийн их хурлын үеэр Орос, Беларусийн шигшээ
багуудыг олон улсын тэмцээнд дахин оролцуулах асуудлаар санал хураалт
явуулах бодолтой байгаагаа илэрхийллээ.
Үүний сацуу тухайн асуудлаар
ОУОХ-той хэлэлцээ хийж байгаа тухайгаа IHF-ээс Оросын гандболын холбоонд
ирүүлсэн захидалд дурджээ.
Энэ оны 11 дүгээр сард Оросын
усан пологийн тамирчдад олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн нь багийн
спортын тамирчдад олгосон анхны зөвшөөрөл юм.
Ulaanbaatar