Африкийн иргэд хамгийн ихээр хандив өргөдөг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-07-24 09:47:19

БЕРЛИН, 2025 оны долоодугаар сарын 24 /DW/. Буяны үйлстний тоо, орлогынхоо тодорхой хувийг хандивлаж буй хэмжээгээр хамгийн өгөөмөр иргэдтэй тивээр Африк тодорчээ. Харин европчуудын хандивын хэмжээ харьцангуй бага бөгөөд хандивын зорилго нь ч өөр байна.


Чинээлэг орнуудын иргэд бага орлоготой улс орнуудын иргэдтэй харьцуулахад хамаагүй бага хандив өгдөг тухай Их Британийн “Charities Aid Foundation сан”-гаас танилцуулсан “Дэлхийн буяны хандивын тухай тайлан”-д дурджээ.


Тус тайланд 2024 оны хувийн буяны үйл ажиллагааны чиг хандлага, хандив өгөх хүслийг өдөөж буй хүчин зүйлсийг судалсан байна. “Өглөгийн үзүүлэлт”-ийг гаргахдаа хандивын нийт дүнг орлоготой нь харьцуулжээ. Энэхүү судалгааг дэлхийн 101 орны 50 мянга гаруй хүний дунд явуулсан санал асуулгад тулгуурлан хийсэн байна.


Тайланд дурдсанаар, өнгөрсөн онд дэлхий даяар асуулгад оролцсон нийт хүмүүсийн 64 хувь нь буяны үйлсэд оролцсон байна. Тэдний 38 хувь нь мөнгийг шууд хэрэгцээтэй байгаа хүмүүст эсвэл гэр бүлд (гэхдээ өөрийн хамаатан, найз нөхөд биш) хандивласан бол 36 хувь нь буяны байгууллагуудад, 25 хувь нь шашны байгууллагуудад өргөжээ. Харин бүс нутгаар нь авч үзвэл Африк тивийн орнуудын иргэд хамгийн их хандив өргөсөн бөгөөд нийт иргэдийн 72 хувь нь хандивын аянд оролцсон байна. 


Дэлхий даяар хүмүүс орлогынхоо дунджаар 1.04 хувийг буяны үйлсэд хандивлажээ. Бага орлоготой улс орнуудын иргэд орлогынхоо дунджаар 1.45 хувийг хандивласан бол өндөр орлоготой улсуудад энэ үзүүлэлт дөнгөж 0.70 хувьтай байна. Тухайлбал, африкчууд орлогынхоо дунджаар 1.54 хувийг, европчууд 0.64 хувийг хандивлажээ. Харин “Долоогийн бүлэг”-ийн гурван оронд хандивын хэмжээ хамгийн доогуур түвшинд байсан бөгөөд Францын иргэд орлогынхоо 0.45 хувийг, Германы иргэд 0.39 хувийг, Японы иргэд ердөө 0.16 хувийг буяны үйлсэд зориулсан байна.


Дэлхийн хамгийн өглөгч иргэдтэй улс бол Баруун Африкийн Нигери юм. Африкийн хамгийн олон хүн амтай энэ улсын иргэд орлогынхоо дунджаар 2.83 хувийг буяны үйлс, шашны байгууллагад, мөн шууд тусламж хэлбэрээр хэрэгцээтэй хүмүүст хандивлажээ.


Харин насны хувьд авч үзвэл, 35-44 насны хүмүүс 65-аас дээш насныхантай харьцуулахад бараг 1.5 дахин ихийг хандивладаг ажээ. 35-44 насныхан дунджаар орлогынхоо 1.18 хувийг, харин 65-аас дээш настнууд 0.83 хувийг хандивласан байна. 


Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүмүүсийг буяны үйлсэд хандив өргөхөд юу нөлөөлснийг асуухад, хандивлахаас өөр аргагүй мэт санагдах, хандив өгөхгүй бол гэмших сэтгэл төрөх, орон нутгаа дэмжих сэтгэл, үүрэг хариуцлага, шашны итгэл үнэмшил, бусдад үлгэр дуурайл үзүүлэх хүсэл зэрэг шалтгааныг голчлон нэрлэжээ.


Санал асуулгад оролцогчдын 65 хувь нь хандив өгөхдөө зүрх сэтгэлээ дагахыг илүүд үздэг гэжээ. 18 хувь нь мэдээллийн сувгаар, 14 хувь нь нийгмийн сүлжээгээр тусламж хэрэгтэй хүмүүсийг олж хандив өргөдөг байна. Дэлхий даяар филантропчдын итгэлийг орон нутгийн буяны байгууллагууд /үндэсний болон олон улсын байгууллагуудтай харьцуулахад/хамгийн ихээр хүлээдэг байна.



相关新闻