"Лалын улс"-тай холбоотой 5 хүнийг Германд баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЕРЛИН. /PrensaLatina/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлд хүмүүсийг элсүүлж байсан таван этгээдийг Германы цагдаа нар өчигдөр баривчилжээ.
Эдгээр баривчлагдсан хүмүүс бол Ирак, Турк болон бусад улсын иргэд гэж прокурорууд мэдэгдэв.
Тус бүлэглэлийн толгойлогчдын нэг болох Иракийн иргэн 32 настай Абу Валаа-г мөрдөн шалгах явцад дээрх сэжигтнүүдийг баривчилжээ. Тус бүлэглэлийн гишүүд нь гадаадын иргэдийг эгнээндээ элсүүлэхийн тулд Сири болон Ирак руу “аялал" зохион байгуулах, байлдаанд хүмүүсийг бэлтгэх зэрэг янз бүрийн үүргийг биелүүлдэг аж.
Германы албаны хүмүүсийн хэлснээр, өнгөрсөн хугацаанд тус улсаас 870 хүн “Лалын улс”-д элсэн Сири болон Ирак руу явжээ.
Г.Доржханд