БНСУ, АНУ-ын төлөөлөгчид худалдааны хэлэлцээ хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ, 2025 оны долоодугаар сарын 22 /Yonhap/. АНУ-тай энэ долоо хоногийн сүүлчээр “2+2” хэлбэрээр өндөр түвшний худалдааны хэлэлцээ хийнэ гэж Өмнөд Солонгосын Сангийн сайд Ку Юн Чоль мягмар гарагт мэдэгджээ. АНУ-ын татвар ногдуулах шийдвэрийг хэлэлцэх эцсийн хугацаа буюу наймдугаар сарын 1 ойртож буй үед энэ мэдэгдлийг хийж байна.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нартай баасан гарагт хэлэлцээ хийхээр Худалдааны сайд Ё Хан Кугийн хамтаар Вашингтоныг зорино гэж Ку Юн Чоль хэлжээ. Тэрбээр эдийн засгийн гол асуудлуудыг хэлэлцсэн хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, наймдугаар сарын 1 ойртож буй энэ үед үндэсний эрх ашгийн төлөө сайтар уялдаа холбоо бүхий, бодитой стратегитай хариу арга хэмжээ авахын тулд холбогдох яамд нэгдсэн багийг бүрдүүлсэн гэжээ.
Эдийн засгийн асуудал эрхэлсэн шадар сайдын албыг мөн хашдаг Ку Юн Чолиос хэлэлцээний үеэр баримтлах Өмнөд Солонгосын талын стратегийн талаар тодруулахад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. АНУ-ын тал хэдийнэ хэрэгжүүлж эхлээд байгаа авто машин, гангийн импортын 25 хувийн татвар зэрэг тарифуудаасаа гадна наймдугаар сарын 1-нээс эхлэн Өмнөд Солонгосын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах төлөвтэй байгаа юм. “Гадаад хэргийн сайд болон Аж үйлдвэрийн сайд нар Вашингтоны талыг ятгахын тулд энэ долоо хоногийн эхээр мөн АНУ-д очиж, холбогдох сайд нартай уулзана” гэж Ку Юн Чоль хэлжээ.
Харилцан татвар
ногдуулах шийдвэр дөрөвдүгээр сарын 9-нд хэрэгжиж эхэлсэн боловч АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трамп хэлэлцээ хийх боломж олгох үүднээс 90 хоногийн хугацаагаар түр хойшлуулсан юм. Дараа нь тэрбээр хугацааг дахин сунгаж,
наймдугаар сарын 1-нээс
татвар ногдуулж эхэлнэ гэж
мэдэгдсэн билээ. Уг хугацааг
дахин сунгах боломжийн талаар
асуухад Ку Юн Чоль хэлэхдээ, Засгийн газар одоогийн байдлаар
хэлэлцээнд анхаарлаа хандуулж байна
гэжээ. Тэрбээр даваа гарагт албан ёсоор үүрэгт ажилдаа орсон юм.