МҮОНРТ-ийн асуудлаар байнгын хорооны ажлын хэсэг байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМҮОНРТ-ийн ажиллагсад, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг байгуулах боллоо.
МҮОНРТ-ийн ажиллагсад болон удирдлагуудын хооронд сүүлийн өдрүүдэд маргаан өрнөөд байгаа. Тодруулбал МҮОНРТ-ийн ММ агентлагийн зарим ажилчид захирлаар томилогдсон Ч.Батцэнгэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж өгөхийг хүссэн албан бичгийг МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарьд өгсөн талаар тэрбээр өөрөө мэдээлсэн. Харин өчигдөр орой ММ агентлагийн "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөр МҮОНРТ-ийн ажиллагсдын түр хорооноос Үндэсний зөвлөлдөө хандан захирал Ц.Оюундарийг эсэргүүцсэн агуулгатай мэдээ, шаардлага нэвтрүүлсэн.
Энэ мэт маргаан МҮОНРТ-д өрнөж буйтай холбогдуулан тус байгууллагын ажилчид, иргэдээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн, хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулах боллоо. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаар ахлуулан 4 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахыг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн юм.
Н.Туяа