АРХАНГАЙ: Монгол, Солонгос улсын үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ
ФОТО МЭДЭЭ
Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ хоорондын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярт зориулсан соёлын өдрүүд Архангай аймгийн АРА комплекст энэ сарын 16, 17-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ боллоо.
Энэ өдрүүдэд Монголын болон БНСУ-ын үндэсний бөхийн нөхөрсөг барилдаан, урлагийн
тоглолтыг зохион байгуулсан.
Эхний өдөр буюу долоодугаар сарын 16-нд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва, Монгол Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй Бөхбилэгт дэвжээний шилдэг 8 бөх, Чанвон хотын Ширим бөхийн холбооны шилдэг 8 бөх БНСУ-ын үндэсний ширим бөхөөр барилдсан юм.
Ширим нь Солонгосын үндэсний спорт бөгөөд бөхийн нэгэн төрөл юм. Элсэн дээр бүсэлхийгээрээ зүүсэн бүснээс барьц авч, хав дөрвөлжин золгосон байдлаас барилдаан эхлэх бөгөөд өрсөлдөгчөө унагах, эсвэл өвдгийг нь газар хүргэвэл ялсанд тооцдог байна.
Дараагийн өдөр нь Бөхбилэгт дэвжээ болон Архангай аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран Монгол-Солонгосын 64 бөхийн Монгол үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулсан. Энэ барилдаанд Бөхбилэгт дэвжээний Монгол Улсын цолтой 3, аймгийн арслан 12, аймгийн харцага 1, аймгийн заан 2, аймгийн начин 5, сумын заанууд болон залуу бөхчүүд түлхүү оролцсон. Мөн БНСУ-ын ширим бөхийн барилдааны түрүү, үзүүр, шөвөгт үлдэж байсан найман бөх барилдсан.
Монгол үндэсний 64 бөхийн барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, 5 сая төгрөгөөр, аймгийн арслан Ө.Батсуурь үзүүрлэж, 3 сая төгрөгөөр шагнууллаа.
Энэ барилдааны үеэр БНСУ-ын ширим бөхийн холбоо, Архангай аймгийн үндэсний бөхийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Энэ нь хоёр улсын болоод аймгуудын хооронд үндэсний бөх, Ширим бөхийн холбоод хамтран ажиллах, харилцан бэлтгэл хийх, суралцах, зочлох гэх зэрэг хэд хэдэн ажлыг тусгаж өгчээ.