“Ган Илч” ХХК- ийн дулааны үнэ бусад аймгийнхаас хямд тогтоогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн төвийн дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 60 илүү хувийг дулаанаар хангадаг “Ган Илч” ХХК- ийн дулааны эрчим хүчний үнийг өнгөрсөн онд шинэчлэн тогтоож, энэ оны эхнээс мөрдөж эхэлсэн. Шинэчлэн тогтоосон үнээр албан байгууллага, аж ахуйн нэгжүүд гэрээгээ шинэчилж ажиллах шаардлага байгааг тус компанийн ерөнхий захирал О. Ганбат хэллээ.
“Ган Илч” ХХК 1997 оноос эхлэн аймгийн төвийг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж эхэлсэн байна. Өдгөө аймгийн төв төдийгүй Сайхан- Овоо, Өлзийт, Дэлгэрцогт, Гурвансайхан сумын төвийг оролцуулан аж ахуйн нэгж байгууллагын нийт 247 мянга гаруй шоо метр, айл өрхийн 35 мянган м.кв талбайг дулаанаар хангадаг болжээ.
20 шахам жил үйл ажиллагаа явуулахдаа дулааны үнийг гурван удаа шинэчилсэн байна. Хамгийн сүүлд 2010 онд үнийг шинэчилснээс хойш шатахуун, ус, цахилгаан, тээвэр, нүүрс гээд дулааны эрчим хүчинд шууд нөлөөлдөг суурь үнэ 135 хувиар нэмэгдсэн тул үнийн хэт өсөлтөн дор хэвийн үйл ажиллагаагаа хангах үүднээс өнгөрсөн жилийн хавар дулааны үнийг шинэчлэх хүсэлтээ Эрчим хүчний зохицуулах зөвлөлд хүргүүлжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тогтоолоор “Ган Илч” ХХК- ийн дулааны үнийг аж ахуйн нэгж байгууллагууд нэг шоо метр эзлэхүүнд 1600, айл өрхүүд 500 төгрөг төлдөг байхаар тогтоосон байна. Харин 1600 төгрөг бол арай өндөр үнэ гэж Эрчим хүчний зохицуулах хороо үзсэн тул аймгийн зохицуулах зөвлөл үнийг 1454 төгрөг болгож бууруулан дахин тогтоожээ.
Энэ бол дулаанаар хангагддаг ижил нөхцөлтэй бусад аймгуудтай харьцуулахад хамгийн бага үнэ нь болж байгаа гэж “Ган Илч” ХХК- ийн захирал хэлж байна.
Тус компани халаалтын тогоонуудаа ЖИ- 20 загвараар өөрсдөө үйлдвэрлэн угсарч, үйл ажиллагааны аюулгүй байдлаа хангадаг. Үүндээ тохирсон шаталттай, илчлэг өндөртэй нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэцийгээс татан авдаг. Орон нутагтаа тогтвортой 100 гаруй ажлын байр бий болгож, аж ахуйн нэгжийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр 950 гаруй сая төгрөгийг төсөвт сар тутам оруулж ажилладаг. Өнгөрсөн 20 шахам жилийн хугацаанд 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутагт хийсэн. Үүнээс гадна иргэд, байгууллагуудад хандив тусламжийг байнга үзүүлж иржээ.
Цаашид энэ хэвийн үйл ажиллагааг хадгалж ажиллах шаардлагатай. Үүний тулд дулаанаар хангагч байгууллага, хэрэглэгч хоёр Эрчим хүчний тухай хуулийн зохих заалтуудын талаар ойлголтоо нэгтгэж, өр авлага үүсгэлгүйгээр ажиллах нь чухал байгаа гэв.
Т. Отгонтуяа