Эдийн засгийн "онцгой" хөтөлбөрийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар санал, дүгнэлтийн төсөл бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг өчигдөр хуралджээ.
Хуралдаанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир, гишүүн Л.Болд, С.Чинзориг, Л.Элдэв-Очир нар Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан, зөвлөх Л.Батмөнх, референт Н.Эрдэнэцэцэг болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцож, ажлын хэсгийн ахлагч Байнгын хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон дэд ажлын хэсгийн гишүүдийг танилцуулжээ.
Хуралдаанаар тогтоолын төслийн талаарх Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын танилцуулгыг сонсож, танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан байна. Ажлын хэсгийн гишүүд тогтоолын төслийн хавсралтад тусгасан зорилт, арга хэмжээнүүдийг хариуцах эзэн, хэрэгжих хугацаа, шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнтэй байхаар тодорхой болгох, эрчим хүч, барилга, зам, тээвэр зэрэг бодит салбаруудад хүндрэлээс гарах хугацаанд зайлшгүй шуурхай шийдвэрлэх 3-4 зорилт, арга хэмжээг төсөлд тусгах тооцоо судалгаа, танилцуулга бэлтгэж, дараагийн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулахыг ажлын дэд хэсэг, холбогдох яам, газруудад чиглэл өгчээ.
Н.Туяа