Үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-08 15:33:04

Дорноговь аймгийн ЗДТГ-ын санаачилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Олон Улсын Монгол эмнэлгийн эмч нар  энэ сарын 3-5-нд Дорноговь аймгийн иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.

Хөх хотын Монгол эмнэлгийн эмч нар Сайншанд сумын Уламжлалт анагаах ухаан-Рашаан сувиллын төвд ажиллахдаа нийт 1172 хүнд үзлэг шинжилгээ хийж, 307 хүнд хануур, төөнүүр, бумба, зүү, бариа засал хийснээс гадна  900 гаруй хүнд 10.5 сая төгрөгийн үнэгүй эм олгосон байна.

Мөн тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт 17 сая төгрөгийн өртөгтэй нярайн цусны билирубиныг хэмждэг багаж болон фото шарлагын аппарат бэлэглэжээ.

Иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг цаашдаа жил бүр тогтмол зохион байгуулдаг болох талаар талууд ярилцсан бөгөөд энэ удаагийн эмнэлгийн тусламж үйлчилгээг тус аймгийн ЗДТГ болон БНХАУ-аас Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газарын хамтын ажиллагааны дагуу зохион байгуулсан аж.

Х.Эрдэнэбулган

相关新闻