Барууны компаниуд Хятадын хиймэл оюуны системүүдийг нэвтрүүлж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 2 /WSJ/. Британийн "HSBC", "Standard Chartered" зэрэг барууны томоохон корпорацууд Хятадын хиймэл оюуны үйлчилгээг ашиглаж эхэлсэн тухай "The Wall Street Journal" (WSJ) сонинд бичжээ.
“Хятадын “DeepSeek” компанийн хиймэл оюун ухааны загвар нь чанарын хувьд бусад загвартай ижил боловч 17 дахин хямд үнэтэй” гэж Киприйн “Latenode” платформыг хамтран үүсгэн байгуулагч Олег Занков мэдэгдсэн байна. Уг платформ нь бизнесийн үйл ажиллагаанд хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Мөн "Alibaba" зэрэг Хятадын технологийн томоохон компаниуд нээлттэй эх код бүхий хиймэл оюуны загваруудыг гаргаж, бусад хөгжүүлэгчид тэдгээрийг чөлөөтэй ашиглах боломжтой болсон нь дэлхийн зах зээлд хурдацтай нэвтрэхэд түлхэц өгч байгаа ажээ.
Хятадын технологийн "Alibaba Cloud" компани (мөн Aliyun гэдэг нэрээр танигдсан) нээлттэй эх код бүхий хиймэл оюуны шинэ загвар болох "Qwen3"-ыг дөрөвдүгээр сард танилцуулсан бөгөөд уг загвар нь ангилалдаа дэлхийд хамгийн хүчирхэгт тооцогдож байна.