АРХАНГАЙ: “Хаалга бүхэнд хүрч, хүүхэд бүрийг хамгаалъя” нөхөн дархлаажуулалтын аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-02 08:48:07

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 7 дугаар сарын 1-9-ний өдрийн хооронд “Хаалга бүхэнд хүрч, хүүхэд бүрийг хамгаалъя” нөхөн дархлаажуулалтын аяныг эхлүүллээ.


Аян улаанбурхан өвчний халдварын тархалтыг таслан зогсоох, улаанбурхан өвчний эсрэг товлолын дархлаажуулалтад хамрагдаагүй 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх зорилготой.


Улсын хэмжээнд улаанбурхан өвчний халдварын тохиолдол нэмэгдэж, тус халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх улмаар хүндрэл, нас баралт нэмэгдэх хандлагатай байна.


Архангай аймгийн хэмжээнд улаанбурхны халдварын 57 тохиолдол бүртгэгдсэн, цаашлаад нэмэгдэх хандлагатай байгааг аймгийн ЭМГ-аас мэдээлж байна.


Тус аяны хүрээнд Архангай аймгийн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын 22 байнгын цэг, явуулын 4 цэгийг ажиллуулан нөхөн дархлаажуулалтыг хийж эхэллээ.


Энэ ажил улс орон даяар нэгэн зэрэг 2025 оны 7 дугаар сарын 1-ний 11.40-13.40 цагт эхэлсэн.


Энэ цаг дор Архангай аймгийн 19 сумын ЭМТ, гурван ӨЭМТ орон нутгийн иргэдэд уг өвчнөөс сэргийлэх мэдээлэл зөвлөгөө өгч, зорилтот насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгууллаа.


Улаанбурхан өвчин нь халдвартай хэдий ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой. Иймд 15 хүртэлх насны хүүхдийнхээ товлолын дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг И-Монголиа аппликейшн болон эх, хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтрээс шалгаж үзэхийг зөвлөлөө. Хэрэв хамрагдсан талаар мэдээлэл байхгүй бол харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, дархлаажуулалтын бүртгэлээ шүүлгэн улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг нөхөн дархлаажуулалтад хүүхдээ хамруулахыг уриалж байна.


Товлолын нас болоогүй 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурхны эсрэг вакцинаар нэмэлтээр дархлаажуулж эхэлсэн тул эцэг эх, асран хамгаалагчид маань хүүхдүүдээ бүрэн хамруулан халдварт өртөх, цаашид үүсч болох эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалаарай.


相关新闻