БАЯН-ӨЛГИЙ: “Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтын өдөрлөг” зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-07-02 09:00:56

Өлгий, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтын өдөрлөг”-ийг аймгийн төв талбайд 7 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа.


Өдөрлөгт аймгийн удирдлагууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын албан хаагчид, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөлөл оролцож, Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож мэдээлэл авлаа.

 

Өдөрлөгийн үеэр 10 сараас 15 настай хүүхдийн УГУ вакцины дархлаажуулалтын мэдээллийг шалгаж, вакцинд хамрагдсан тухай мэдээлэл байхгүй бол харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хандаж дархлаажуулалтын бүртгэлээ шүүлгэн улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг нөхөн дархлаажуулалтад хүүхдээ хамруулахыг иргэдэд уриалж, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн сүлжээгээр мэдээлэл хүргэв.

 

Мөн товлолын нас болоогүй 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурхны эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдээ идэвхтэй хамруулахыг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна.

 

Ташрамд, аймгийн Онцгой комиссоос улаанбурхан өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаагүй хүүхдүүдийг 2025 оны 9 дүгээр сараас сургууль, цэцэрлэгт элсүүлэхгүй байх шийдвэрийг гаргаад байна.

相关新闻