Эмэгтэйчүүд авлигын тухай ярилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРӨнгөрөгч амралтын өдрөөр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Лебириал эмэгтэйчүүдийн оюуны сан/ЛЭОС/ ТББ-ын Баянхонгор аймаг дахь салбараас “Хариуцлагатай төр, авлигагүй нийгмийн төлөө иргэний хяналт” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Төрд хяналтыг тавьж үйл ажиллагааг хариуцлагатай, ил тод болгоход иргэний нийгмийн байгууллагууд чухал үүрэгтэй гэж үздэг байна. Энэ хүрээнд дээрх хэлэлцүүлгийг ЛЭОС-гаас 12 аймагт нэгэн зэрэг зохион байгуулсны нэг нь Баянхонгор аймаг болж байна. Хэлэлцүүлэгт Баянхонгор аймгийн ЛЭОС-гийн тэргүүн Д.Энэбиш, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Алтанцэцэг, Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ-ын тэргүүн Ж.Дуламсүрэн, Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд оролцлоо.
Хэлэлцүүлгээр төрд авилга үнэхээр байна уу, байгаа бол тэр нь яг юунаас үүдэн бий болж байна, төрийн аль хэсэгт их байна, авилгаас ангижрах, үгүй болгохын тулд ямар арга хэмжээ авах ёстой гэдэгт хариу өгөхийг эрмэлзжээ. Хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчид авлига байна уу гэдэг асуултад дуу нэгтэйгээр тийм гэсэн хариултыг өгч байв. Гэхдээ дам байдлаар сонссон, тэгж ярьж байсан гэдэг хариултыг өгч байсан нь авлига далд хэлбэрээр явж байна гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэснийг зохион байгуулагчид ярив.
Сонирхуулахад, ЛЭОС-гийн зүгээс ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл энэ чиглэлийн судалгаа, мониторингийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд фокус бүлгийн ярилцлага, телевизийн шууд нэвтрүүлэг зэрэг ажлыг хийх аж. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, нэгдсэн дүгнэлтийг Баянхонгор аймгийн төр, захиргааны байгууллагын авлигын эсрэг чиглэсэн бодлогын баримт бичигт тусгуулах юм байна.
Б.Мөнхзул