Канад Улстай “Хариуцлагатай уул уурхай-Тогтвортой хөгжил”-ийн зорилтыг хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Канад улсын үндэсний баярын үйл ажиллагаанд өчигдөр оролцлоо.
Энэ үеэр хоёр орны найрсаг хамтын ажиллагааг шинэ түвшинд ахиулан, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг онцлов.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ярихдаа, "Уул уурхайн салбар бол хоёр орны харилцааны стратегийн гол тулгуур юм. Канадын хөрөнгө оруулалт, туршлага, техник технологи Монголын уул уурхайн салбарын шинэ үеийг эхлүүлсэн түүхтэй. Оюутолгой зэрэг томоохон төсөл нь хоёр орны хамтын амжилтын тод жишээ болж чадсан. Манай хоёр орны харилцааг өргөтгөн хөгжүүлэх үйлсэд эрхэмсэг хатагтай Элчин сайд Сандра Шуфани үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дурдах нь зүйтэй. Канад Улс, канадын найрсаг ард түмэнд цаашид ч мандан бадрахыг хүсэн ерөөж, Монгол, Канадын түншлэл, хамтын ажиллагаа хоёр улсын хөгжил цэцэглэлт болон ард түмний нөхөрлөл амжилттай өргөжих өлзийтэй ерөөлийг дэвшүүлье" гэв.
Канад Улстай “Хариуцлагатай уул уурхай-Тогтвортой хөгжил” хамтын зорилгыг тууштай хэрэгжүүлж байна. Мөн Монголын аж үйлдвэржилтийг дэмжих, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлэхэд Канадын түншүүдтэй хамтран ажиллах зорилттой байгаа аж.