ХОВД: Багш, сурагчдад мөнгөн урамшуулал олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-26 10:22:05

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн боловсролын салбарт хэрэгжиж буй “Ховдын ирээдүй” төслийн хүрээнд элсэлтийн шалгалтад 750-иас дээш оноо авсан сурагчдад мөнгөн урамшуулал олголоо.

Энэ удаагийн элсэлтийн шалгалтад оролцогчдоос дөрвөн сурагч 800 оноо авсан. Харин 26 сурагч 750-799 оноо авсан юм.

Иймд 800 оноо авсан сурагчийг 2 сая төгрөгөөр, 770-799 оноо авсан сурагчийг 1.5 сая төгрөгөөр, 750-770 оноо авсан сурагчийг 1 сая төгрөгөөр тус тус шагнаж, батламж гардууллаа.

Мөн улсын олимпиадад амжилттай оролцож, медаль авсан хоёр багшийг тус бүр 3 сая төгрөгөөр, сурагчийг 1 сая төгрөгөөр урамшуулав. Харин бүсийн олимпиадад амжилттай оролцож, медаль авсан 6 багш, 13 сурагчийг тус бүр 300-500 мянган төгрөгөөр урамшуулж, батламж гардуулжээ.


Түүнчлэн Прогресс сургуулийн бага ангийн багш Н.Одончимэг, Булган сумын хоёрдугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ нар Монгол Улсын Зөвлөх багш цол хүртсэнийг гардууллаа.


“Ховдын ирээдүй” төслийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд багшийг чадавхжуулах, олимпиад ур чадварын уралдаанд амжилт үзүүлсэн багш, сурагчдыг урамшуулах, сургалтын орчныг сайжруулах зорилгоор орон нутгийн төсөвт 2 тэрбум төгрөг хуваарилсан.


Үүний 52 сая гаруй төгрөгийг ийнхүү мөнгөн урамшуулал байдлаар олгосон тухай Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

相关新闻