Өвөлжилтийн бэлтгэлийг 90 хувь хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЭнэ сарын 03-ний байдлаар Дорноговь аймаг аюулгүйн нөөцөдөө 150 тн өвс, 20 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 703.2 тн өвс, 101 тн тэжээл, малчдын түвшинд 131.9 тн үйлдвэрийн тэжээл, 75.9 тн гар тэжээл бэлтгэжээ.
Өвс тэжээл бэлтгэлийн гүйцэтгэл 87.3 хувийн биелэлттэй байгаа аж. Ирж буй өвлийн бэлтгэлийг 90 хувь хангасан талаар тус аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Тус аймаг Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын дагуу тус аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 140 тн өвс, 20 тн тэжээл, сумдын нөөцөд 560 тн өвс, 420 тн тэжээл нийт 700 тн өвс, 440 тн тэжээл бэлтгэх даалгавартай юм.
Мөн энэ өвөл Дорноговь аймагт 3988 малчин өрхийн 2.0 сая орчим толгой мал өвөлжиж хаваржих урьдчилсан төлөв байна.
Тус аймагт аймаг дундын отрын бүс нутаг байхгүй бөгөөд цаг хүндэрсэн үед өөр аймгийн нутагт 3 сумын 6 өрхийн 5.1 мянган толгой мал, өөрийн аймгийн зэргэлдээ сумдын нутагт 8 сумын 84 өрхийн 51.8 мянган толгой мал, хилийн зурваст 5 сумын 118 өрхийн 67.1 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 1 сумын 92 өрхийн 28.8 мянган толгой мал нийт 300 өрхийн 152.8 мянган толгой мал отроор өвөлжиж хаваржих аж.
Орон нутгаас отрын бүс нутгийн зохион байгуулалтын ажлыг хийж сумдын Засаг дарга нартай харилцан тохиролцож гэрээ хийсэн байна.
Х.Эрдэнэбулган