"МанСити" хамгийн түрүүнд плей-оффт шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-23 12:47:57

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23. /ТАСС/. АНУ-ын Жоржиа муж улсын Атланта хотод өчигдөр болсон клубүүдийн ДАШТ-ий хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтод Английн “Манчестер Сити” баг Арабын Нэгдсэн Эмират улсын "Аль-Айн" багийг 6:0 харьцаагаар бутниргэснээр бусад багаас хамгийн түрүүнд плей-оффын шатанд шалгарлаа.  


Английн багийн Илкай Гюндоган (8 ба 73 дахь минут), Клаудио Эчеверри (27), Эрлинг Холанд (45+5, 11 м-ийн торгуулийн цохилт), Оскар Бобб (84), Райан Шерки (89) нар гоол оруулсан байна.


"Манчестер Сити", "Аль-Айн" багууд G хэсэгт тоглож байгаа бөгөөд Английн баг хэсэгтээ хоёр дараалан ялж, 6 оноотой болсноор хэсгээсээ гарах нь тодорхой боллоо.  


Энэ хэсэгт Италийн “Ювентус” баг мөн адил 6 оноотой болсноор нэг тоглолтын өмнө хэсгээсээ шалгарсан бөгөөд 26-ны өдөр “Манчестер Сити”-тэй тоглоно. Мөн хоёр тоглолтод оноо авч чадаагүй “Аль-Айн” болон Марокко улсын “Видад” багууд хоорондоо тоглоно.  


Өчигдөр болсон өөр нэгэн тоглолтод Австрийн “Зальцбург” баг Саудын Арабын “Аль-Хилал” багтай 0:0 харьцаагаар тэнцсэн байна.


АНУ-ын хотуудад болж буй клубүүдийн ДАШТ-д анх удаагаа 32 баг оролцож, 8 хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд хэсэг тус бүрээс хоёр баг шөвгийн 16-д шалгарч, тоглолтоо үргэлжлүүлнэ.


Финалын тоглолт долоодугаар сарын 13-нд болно. 

相关新闻