ӨВӨРХАНГАЙ: С.Бямбадолгор: Өвөрхангай аймаг үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ зах зээлийг хамгаалж чаддаггүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт ардын гар урлалыг импортын бараа бүтээгдэхүүнээр “нухчин даруулахгүй” гэсэндээ 22 жил тасралтгүй өрхийн үйлдвэрлэл эрхлэж яваа С.Бямбадолгортой ярилцлаа. Ковидын цаг үеэс хойш эсгий, гар урлалын бүтээгдэхүүний борлуулалт эрс буурч, орлого олох нь хомсодсон ч биет бус соёлын өвөө мартуулахгүйн тулд бүх боломжоо дайчлан ажилласаар байгаа хэмээн тэрбээр хэлж байв.
Анх 2003 онд Дэлхийн зөн ОУБ-ын эсгий боловсруулах сургалтад 146 хүний хамт бүртгүүлж, тэднээс шалгарсан 68 хүнээс эхний дөрөвт жагсан зургаан сар суралцаад дахин зургаан сар дадлага хийж, энэ хугацаанд тунаж үлдсэн долоо хүний нэг нь тэр юм.
Ингээд хэдэн хүний хамт бүлэг үүсгэн ажиллаж эхэлсэн ч бусад нь замын дундаас зорилгоо орхисоор С.Бямбадолгор цөөн хүнтэй үлдэж, 2012 онд “Ургийн сүлжээ” хоршоог байгуулан үйл ажиллагаагаа албажуулсан байна.
Одоогоор шүр сувс, эсгий, хурганы ноосоор төрөл бүрийн хувцас, эдлэл хэрэглэл, уламжлалт тоглоом, эко саван хийхийн зэрэгцээ Төгрөг сумын Мазар багт хүнсний ногоо тариалж, хатаасан, даршилсан, давсалсан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг. “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвд түүний 89 бүтээгдэхүүнийг хүлээн авч, борлуулалтад дэмжлэг үзүүлж байна.
“Хонины болон хурганы ноос үнэгүй олдох ч эсгийний будаг зэрэг бусад төрлийн түүхий эдээ үнэтэй авдаг, түүний дээр маш их хөдөлмөр, цаг зарцуулж гар урлалаа хийдэг учраас Хятадын бараа бүтээгдэхүүнээс бага үнэ хэлэх боломж байдаггүй.
Өөрийн үнэ өртөг дээр “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвөөс 20 хувь нэмж борлуулдаг. Монгол эсгий таавчик 35 мянгаар өгөхөд 42 мянга болж худалдаанд гарна. Энэ нь хэрэглэгчдэд үнэтэй тусаж, чийг татдаг, чанаргүй, хямд Хятад таавчик худалдан авах сонголтоо хийснээр уламжлалт гар бүтээлүүд үнэ цэнгүй үлддэг. Өвөрхангай аймаг үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ зах зээлийг хамгаалж чаддаггүй” хэмээн ярьлаа.
Тэрчлэн “Төрөөс олгож буй зээлэнд хамрагдахад чанарыг биш, хүртээмжийг харгалзан хүссэн хэмжээгээр олгодоггүй. Нэг удаа гурван сая төгрөг хүсэхэд 500 мянга өгсөн. Дараа нь 3.5 сая төгрөгийн зээл хүсэхэд 1.5 сая олгосон. Гэвч коронавирусийн халдвар гарч, зах зээл хумигдан борлуулалт нам зогссоноор зээлээ төлж чадахгүйд хүрч, Шүүхэд дуудагдсан” гэсэн юм. Одоо тэтгэврийн, бизнесийн, апплекейшны зээлтэй, дээр нь ломбардад эд зүйл тавиастай болохоор дахин зээл авахыг хүсдэггүй гэж байлаа.
Хувь амьдралдаа тэрбээр өрх толгойлсон эмэгтэй. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ ах, эгч хоёроо хорвоогоос эрт алдан тэднийхээ дөрөв, нийт найман хүүхдийг эсгий бүтээл, гар урлалынхаа ашиг орлогоор өсгөж өндийлгөжээ.
“Эсгийний будаг маш хортой байдаг.
Үнэ өртөг нь өндөр учраас гэртээ эсгий будаж үзсэн. Олон жил уйгагүй хөдөлмөрлөсний
эцэст тархи толгойны өвчтэй, архаг ядаргаатай болсон. Өвчин намдаах байтугай,
унтуулах эм уух хэмжээнд хүрсэн учраас агаар салхи амьсгалах хэрэгтэй юм байна
гэж бодоод өөртөө чөлөө өгсөн. Гэвч оройтож хүнд өвчтэй болсон байсан” хэмээн
тэрбээр яриага үргэлжлүүллээ. Гэвч өвчнийг ялан дийлж, үр хүүхэд нь өсөж том
болсноор нуруун дээрх ачаа нь хөнгөрчээ.
“Хорь гаруй жил
тасралтгүй хийсэн, хийх дуртай, бас дөрвөн шавь бэлтгэж байгаа болохоор больё
гээд хаяж чадахгүй байна. Дээр нь уламжлал гэх зүйлээ харь оронд булаалгачих юм
шиг санагдаад өнөөдрийг хүртэл зууралдсаар явна. 22 жил хойд хормойгоо урд
хормойдоо нааж амьдарлаа. Одоо үнэхээр шантарч байна ” гэв.
Соёлын бие бус өвийг тээн авч яваа өрхийн үйлдвэрлэгчдийн өнөөдрийн бодит амьдрал ийм байна.
- Таны хамгийн үнэ цэнтэй бүтээл юу вэ?
- “Арвайн алтан хумбарай” гэдэг тоглоом миний хувьд хамгийн үнэ цэнтэй. Аавын ах Д.Цоодол гэж хүн 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр Арвайн хийдэд лам байсан юм. Хэлмэгдүүлэлтийн аюулаас хэдэн залуу лам нараа авч үлдэхийн тулд хар болгон айл, айлд хүргэн суулгасны нэг нь миний авга ах. Тэр ах маань “Арвайн алтан хумбарай” гэдэг тоглоомыг бидэнд зааж өвлүүлсэн байдаг. 1982 онд намайг 2 дугаар ангийн сурагч байхад зааж өгч байсан нь миний ой тойнд үлдсэн болохоор одоо үеийхэнд танилцуулья, түгээн дэлгэрүүлье гэж бодож, хийж эхэлсэн.
2020 онд аймгаас зарласан “Өндөр гэгээний соёлын өв уламжлагч” уралдаанд Их алтан хумбарайг зээгт наамлаар, Дунд алтан хумбарайг зүү ороож, Бага алтан хумбарайг төөнөж урлаад оролцож байсан. Одоо хааяа нэг захиалгаар урладаг. Төв халхын Арвайн хүрээнд дэлгэрч байсан, маш сонирхолтой, ардын уламжлалт тоглоом юм. Тайлбарынх нь хамт худалдан борлуулдаг учраас тоглоход ойлгомжтой.
- Бас гоё аравчууд хийжээ.
- Хаадуудын тамгатай аравч нэлээн
хэдийг хийсэн. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөгөөнөөр Монгол банкны музейд
орох завшаан олдож, монголын үе үеийн хаадуудын тамгыг харсан юм. Сонирхолтой,
бас урлаж болохоор байсан учраас зургийг нь дарж аваад олсон утас ашиглан эсгийн
дээр шаглаа оёдлоор оёж, эсгийний будгаар будаж гоёсон.
Мөн нутгийнхаа алдарт Цагаанхайрханг
гараараа шивж, загасан нуруугаар зүү ороож оёсон. Богд, Төгрөг суманд гарсан
ихэр ботгоны нэмнээнүүдийг эздийнх нь захиалгаар хийсэн.
Манай малчид хурганы ноосоороо эсгий хийвэл хийнэ, хийхгүй бол хог болоод хаягддаг болохоор хурганы ноосыг үнэ цэнтэй байлгах юмсан гэж бодож, оймс хийдэг. Нарийн ширхэгтэй болохоор маш зөөлөн, дулаан, хиртдэггүй, бас эрүүл мэндэд тустай. Хөлний судасны бүдүүрлийг хурганы ноосоор үрэх сайн байдаг.
- Хүнсний ногоогоор эрүүл мэндийн бүтээгдэхүүн хийжээ.
- Төгрөг сумын Мазарт багахан
хүнсний ногоо тариалдаг. Хар манжингийн хатаамал элэг, цөс цэвэрлэдэг. Би өөрөө
хэрэглэж туршиж үзсэн хүн. 50 граммаар савлаад хэрэглэгчдэд хүргэдэг. Таван граммаар
10 удаа хэрэглэнэ гэсэн үг. Олон
төрлийн эрдэс минералаар баялаг тул дархлааг сайжруулж, үрэвслийг зогсоох, өвчин намдаах
үйлчилгээтэй.
- Ярилцсанд баярлалаа.