АНУ-ын Конгрессын Олон улсын манлайллын ажлын албаны гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-19 10:05:47

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж энэ сарын 18-нд АНУ-ын Конгрессын Олон улсын манлайллын ажлын албаны гүйцэтгэх захирал хатагтай Жэйн Саргус тэргүүтэй төлөөллийг хүлээн авч, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

АНУ-ын Конгрессын Олон улсын манлайллын ажлын алба нь парламент хоорондын хамтын ажиллагааны “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийг олон улсад хэрэгжүүлдэг бөгөөд уг хөтөлбөр манай улсад 2016 оноос хойш хэрэгжиж байна. Уулзалтын эхэнд, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байна гээд, “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн анхдугаар хуралдааныг Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Шүүхийн ерөнхий зөвлөл болон АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран 2025 оны зургаадугаар сарын 16, 17-нд амжилттай болж өнгөрсөнд баяр хүргэв. Түүнчлэн 2016 оноос тус албатай хамтран Монголын парламентын гишүүд болон УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад зориулсан 6 удаагийн хөтөлбөр хэрэгжүүлж ирснийг онцлоод, 2025 оны есдүгээр сард ээлжит хөтөлбөр хэрэгжих болсонд талархал илэрхийлэв.

 

Хатагтай Жэйн Саргус, АНУ-ын Конгрессын Олон улсын манлайллын ажлын албанggс бусад улс орнуудад хэрэгжүүлж буй “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн ач холбогдлыг дурдаад, Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын үйл ажиллагааны талаар тодруулж, мэдээлэл солилцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


相关新闻