Говь- Угтаал сумын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬГовь- Угтаал сумын нутагт хонины цэцэг өвчний тохиолдол гарч, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоов.
Тус сумын Морьт багийн нутаг Бүсийн гэзэг хэмээх газар нутаглаж буй малчин Ч- гийн хонин сүрэгт цэцэг өвчний шинж тэмдэг илэрч, мал эмнэлэгт дуудлага ирсэн байна. Энэ дагуу малчин Ч- гийн 800 гаруй хонинд нэг бүрчлэн үзлэг хийхэд 278 хонь цэцэг өвчнөөр өвчилсөн байжээ. Халдвар авсан хонийг тусгаарлан устгал хийх шаардлагатайг нь устгахаар ажлын хэсэг ажиллаж байгаа ажээ.
Аймгийн ХХААГ-ын Мал эмнэлэгийн хэлтсийн дарга Ц.Гэрэлээс энэ тухай тодруулахад, малчин Ч- гийнхтэй ойролцоо нутагладаг малчны хонин сүргээс 18 хонинд бас цэцэг өвчний шинж илэрсэн. Эдгээр малчны хонин сүрэг өнгөрөгч 8 дугаар сарын 10- ны өдөр цэцэг өвчний эсрэг вакцинд бүрэн хамрагдсан бөгөөд вакцин тариулсан хонинд цэцэг өвчин илэрснийг хэллээ.
Т. Отгонтуяа