Улаан талбайд цэргийн парад болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. 1941 оны 11 дүгээр сарын 7-нд Москва хотноо болсон цэргийн түүхэн парадын 75 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Улаан талбайд цэргийн парад болох гэж байна. Парадад 5000 гаруй хүн оролцох ажээ.
Дэлхийн II дайнд амиа алдсан нэр нь үл мэдэгдэх Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөснөөр албаны ёсны арга хэмжээ эхэлнэ. Уг хөшөө Кремлийн ханын дэргэдэх Александрын цэцэрлэгт хүрээлэнд байрладаг. Ёслолын арга хэмжээнд 1941 оны түүхэн парадад оролцож байсан дэлхийн II дайны ахмад дайчид, ахмадууд болон залуучуудын байгууллагуудын төлөөлөл, хотын эрх баригчид оролцох юм.
Парад Москвагийн цагаар 10:00 цагт эхэлнэ. Цэргүүд 1941 оны үеийн цэргийн дүрэмт хувцас өмсөн Улаан талбайгаар маршаар алхаж өнгөрнө гэж Москва хотын захиргаа мэдэгдэв. Парадын үеэр “Катюша”, “Святая Война”, “День Победы” зэрэг дайны үеийн дуунуудыг толилуулах ажээ. 1941 оны түүхэн парадыг дурсах арга хэмжээ 14 дэх удаагаа болох гэж байгаа юм.
75 жилийн өмнө болсон түүхэн парадад 28 500 цэрэг оролцож байсан бөгөөд тэд Москва хотыг фашистуудаас хамгаалахаар Улаан талбайгаас шууд фронтын шугам руу явжээ.
Москва хотын цаг агаар 1941 оны үеийнх шиг байх бололтой байна. Тэр өдөр Зөвлөлтийн цаг уурын алба Дээд командлагчид "удахгүй их хэмжээний цас орно" гэж мэдээлж байв. Цаг агаараас үүдэн нацистууд агаараас цохилт өгөх боломжгүй болсноор Москва хотын төвд цэргийн түүхэн парад болж байжээ.
Д.Нямтулга