АРХАНГАЙ: Аймгийн цусны салбар төв жилд 520 гаруй нэгж цус үйлдвэрлэдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж, хариу нэхдэггүй хүмүүнлэгийн үйлсийн эздийг алдаршуулдаг уламжлалтай.
Архангай аймаг жил бүр доноруудаа хүлээн авч, олон нийтэд уриалга, мэдээлэл өгөх нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалынхаа дагуу “Цусаа өгч итгэл найдварыг түгээж, хамтдаа амьдрал бэлэглэе” уриан дор нэгдэж, өнөөдөр тэмдэглэлээ.
Архангай аймгийн хэмжээнд 1370 донор байдаг бөгөөд үүнээс 80 хүн “Хүндэт донор”-ын болзол хангажээ.
Архангай аймгийн цусны салбар төв нь жилд 520 гаруй нэгж цус үйлдвэрлэн 8 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж, 1300 гаруй хүний амь авардаг байна.
Энэ өдөр донорын үйлсийг талархан дэмжиж, олон нийтэд сурталчлан таниулах, донорууддаа урам өгч, цусны донорын эгнээг өргөтгөн нэмэгдүүлэх үйлсэд идэвхтэй хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулж, онцгойлон баяр хүргэлээ.