ХӨВСГӨЛ: Гэр хорооллын 2200 өрхийг дулаан, халуун усны шугамд холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-12 17:44:39

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сум 40 гаруй мянган хүн амтай. Түр оршин суугч нэмэгдвэл 50 мянга болно. Жилээс жилд төвлөрөл нэмэгдэж буй энэ үед агаарын бохирдол тулгамдсан асуудлын нэг болоод байна.


Мөрөн суманд утаа болон агаарын бохирдлыг бууруулах, төвлөрсөн дулаан хангамж, цэвэр, бохир усны инженерийн дэд бүтцэд айл өрхийг холбох ажлыг эрчимжүүлж эхний ээлжид 2200 айл өрхийг дулаан, халуун усны шугамтай холбохоор бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.




"Хөвсгөл Дулааны станц" ТӨК-ийн ерөнхий инженер Ш.Нямханд “Өнөөдрийн байдлаар Мөрөн сумын 6, 7, 12, 13, 14-р багийн 2200 айлыг дулааны шугамд холбох ажил ид явагдаж байна. 


Нэг гудмын айл өрхийн  60-аас дээш хувь нь ус, дулаанаа хэрэглэж байж алдагдалгүй түгээх боломж бүрдэнэ.


Тиймээс иргэд, айл өрхөд дулаан шугам сүлжээндээ холбогдоход шаардагдах зүйлс, арга техникийн мэдээллийг шуурхай өгч зөвлөж байна.


Тодруулбал, 8х8 харьцаатай байшинтай айл дунджаар нэг өвлийг давахад 1500 000-1800 000 төгрөгийн түлээ, нүүрс түлж байна.


Гэтэл дулааны тариф нэг м.кв нь одоо мөрдөж байгаа ханшаар 660 төгрөг, нэмэгдээд 1100 төгрөг болоход сард 70000, нийт өвлийг давахад 560000 орчим төгрөгийн зардал нэг өрхөөс гарна.


Бид дулаан, халуун усны шугамыг гудамд нь хүргэж суурилуулаад айл өрхүүд өөрсдөө хашаа гэрлүүгээ татна.


Шугамаа татаж авахад нэг айлаас дунджаар 10 сая төгрөг гарч байна. Нэгдсэн дулаан халаалттай болчихвол айл өрхийн зардал буурч, галын эрсдэлгүй, тав тухтай амьдрах боломж Мөрөнгийн оршин суугчдад бүрдэнэ” гэдгийг хэллээ.

 

 

相关新闻