Хүн шиг хэмжээтэй “Лабубу” хүүхэлдэй өндөр үнэ хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Хүн шиг хэмжээтэй “Лабубу” хүүхэлдэй энэ долоо хоногт 1.08 сая юаниар /150 324 ам.доллар/ зарагдсан тухай Хятадын дуудлага худалдааны нэгэн төвөөс мэдэгджээ.
Тодруулбал, 131 см хэмжээтэй хүүхэлдэй Бээжин хотод “Yongle International Auction” компаниас зохион байгуулсан дуудлага худалдааны үеэр зарагдсан байна. Дуудлага худалдааг зохион байгуулагчийн мэдээлснээр, дэлхийд ийм төрлийн тоглоомын хамгийн өндөр үнийн рекордыг тогтоожээ.
“Лабубу” хүүхэлдэй бол Хонконгийн зураач Касинг Лунгийн арван жилийн өмнө бүтээсэн өвөрмөц төрхтэй "мангасын" дүрүүд бөгөөд сүүлийн жилүүдэд олны танил хүмүүс сонирхох болсноор алдаршсан байна. Хятадын “Pop Mart” тоглоомын компаниас худалдан борлуулдаг “Лабубу” хүүхэлдэй нь 50 орчим юанийн үнэтэй байдаг.
Энэ долоо хоногийн дуудлага худалдаа нь бүхэлдээ “Лабубу”-д зориулагдсан байсан бөгөөд 48 барааг үнэ хаялцуулж, 200 орчим хүн оролцсон байна. Дуудлага худалдааны төвөөс нийт 3.37 сая юань цуглуулсан гэдгээ мэдэгджээ.
Өмнөд Солонгосын К-поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Blackpink” хамтлагийн гишүүн Лиза олон нийтийн сүлжээнд “Лабубу”-тай зургаа нийтэлснээр дэлхий даяар борлуулалт нь өссөн байна. Улмаар уг тоглоомыг Рианна, Дуа Липа зэрэг алдартнууд зүүсэн байгаа нь харагдсаны дараа “TikTok”-ын трэнд болжээ.
Мөн Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм цүнхэндээ “Лабубу”-г зүүсэн зургаа “Instagram” хуудсандаа нийтэлсэн байна. Түүнчлэн “Лабубу” тоглоом дэлхий нийтийн дунд алдартай болсон нь “Pop Mart”-ын амжилтад нөлөөлжээ. Тус компанийн орлого 2024 онд 13 сая юаньд хүрсэн нь өмнөх оныхоос хоёр дахин их байв. Мөн өнгөрсөн онд Итали, Испани зэрэг таван оронд шинэ дэлгүүрээ нээжээ.