Нарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-06-12 11:03:59

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын аппарат Нарны өмнөд туйлын зургийг авч, Дэлхий рүү амжилттай илгээжээ.


Хүлээн авсан зураг, мэдээлэл нь идэвхжил нь ихсэж, багасаж байдаг Нарны мөчлөгийн шинж чанарыг эрдэмтэд илүү сайн ойлгоход тус дөхөм болно. Нарны идэвхжил ихэссэнээр хиймэл дагуулын холбоо, эрчим хүчний сүлжээг тасалдуулж болзошгүй учир үүнийг ойлгох нь маш чухал юм. 


Шинэ зургууд дээр температур нь зарим хэсэгтээ Цельсийн нэг сая хэмд хүрдэг тод мяралзах давхарга харагдана. Уг давхаргатай хар бараан өнгийн хийн үүлс холилдон байгаа бөгөөд температур нь ойролцоогоор 100 мянган градус ажээ.


ЕКА-гийн шинжлэх ухаан хариуцсан захирал, профессор Кэрол Манделлийн хэлснээр, эдгээр зураг нь манай гараг дээрх амьдралыг тэтгэгч одыг хамгийн ойроос, хамгийн нарийвчлалтай авсан зургууд юм. “Нар бол бидний хамгийн ойрын од, амьдралын эх үүсвэр бөгөөд сансрын болон дэлхийн эрчим хүчний системүүдийг эвдэж сүйтгэх магадлалтай учраас түүнийг судлах нь маш чухал” гэж тэрбээр ярьжээ. 


“Solar Orbiter” аппарат Нарны өмнөд туйлын гэрлэн мандал, соронзон орон болон титмийн зургийг авчээ. Ингэхдээ PHI, EUI, SPICE  гэсэн гурван төрлийн тусгай багаж хэрэгслийг ашигласан байна. 


Эрдэмтдэд эдгээр зураг болон энэхүү хөтөлбөртэй холбоотой бусад мэдээллүүдийг ашиглан Нарны гаднах давхаргуудыг судалснаар Нарны туйлууд орчмын хийн хуйлрал зэрэг үзэгдлүүдийг илрүүлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.


Нарны хойд туйлаас өмнөд туйл руу хийсэн "Solar Orbiter"-ын нислэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЕКА энэ оны аравдугаар сард нийтлэхээ мэдэгджээ. 

相关新闻