ХӨВСГӨЛ: "Уран дөш" зуслан хүүхдүүд амрангаа, суралцах, хөгжих боломж олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хүүхэд багачуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлдэг "Уран дөш" зуслан нээлтээ хийж, эхний ээлжийн амрагч хүүхдүүдээ хүлээн авлаа.
Нэг ээлждээ 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус зуслан энэ жил амрагч хүүхдүүдэд зориулан хувь хүний хөгжил, урлаг спорт, монгол өв уламжлал, англи хэл, авьяас чадварыг хөгжүүлэх олон хөтөлбөрийг багтаасан байна.
Тухайлбал, монгол ахуй, соёлын хөтөлбөр, англи хэлний хөтөлбөр, волейболын мэргэжлийн багшийн сургалт, бүжиг, уншлагын цаг, явуулын номын сангийн үйлчилгээг үзүүлнэ.
Мөн хүүхдүүдийн авьяас чадварыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийг олгохоор зураг, гар урлал, сурын харваа, илтгэх урлаг, уран уншлага, жүжиглэх урлагийн сургалтад хамрагдаж, байгалийн сайханд цэвэр агаарт амрангаа суралцах боломжтой гэдгийг "Уран дөш" зуслангийн захирал Д.Бямбадалай ярилаа.
"Уран дөш" зуслан 1980 онд үүдээ нээж, Хөвсгөл аймгийн сум бүрээс төдийгүй зэргэлдээ Булган, Орхон, Архангай, Завхан аймаг, Улаанбаатар хотоос хүүхэд багачууд зорин ирж, жилд 2000 орчим хүүхэд амардаг байжээ.
Харин энэ жилийн хувьд 7-8 ээлжээр нийт 1000 гаруй хүүхдийг амраахаар
төлөвлөж байна.