П. Цагаан: Төлөвлөсөн ажлаа хэмжиж чаддаг байх нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-05 11:12:12

Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган “Нэг говь, нэг зорилго” уриан дор Мандалговь хотод хоёр өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө.

Говийн бүсэд аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэл, хариуцлагатай уул уурхай, нийгмийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх талаар чуулганд оролцогчид хэлэлцсэн бөгөөд байгаль цаг уур, газар нутгийн онцлогоор төдийгүй тулгамдаж буй асуудлуудаараа ижил төстэйгийн хувьд өөрийн өөрийн давуу талыг хамтын бодлого болгон бүс нутгаараа өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, хөгжлөө ахиулъя гэдэгт санал нэгдэв.

Энэхүү чуулган говийн бүсийн хамтын ажиллагаанд ямар эхлэл тавих, чуулган ямар үр дүнтэйгээр өндөрлөж байгаа талаар аймгуудын удирдлага санаа бодлоо илэрхийлсэн юм.

Дорноговь аймгийн ИТХ- ын дарга С.Түмэнбаяр: -Говийн гэдэг нэрийн дор брэнд бүтээгдэхүүнээр нэгдэх хэрэгтэй гэж бодож байна. Аялал жуулчлалыг бүсдээ хөгжүүлэхийн тулд зам дэд бүтцийг нэн түрүүнд сайжруулах шаардлага байна. Хэвтээ тэнхлэгийн замын асуудлыг УИХ, Засгийн газарт аймгууд нэгдэж тавих нь зүйтэй. Мөн мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгохгүй бол аялал жуулчлалд ч тэр, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ч тэр мэдээлэлийн солилцоо дутагдалтай байх нь бий.Сум бүрт жижиг дунд үйлдвэрлэл байгууллаа гэхэд тогтвортойгоор хөгжүүлэхэд хүндрэлтэй. Харин үүний оронд говийн бүсийн хэмжээнд ямар үйлдвэрлэлийг хаана байгуулах вэ гэдгээ зах зээлийн судалгааг үндэслэн шийдэж, бүсийн хэмжээний үйлдвэрлэлүүдээ дэмжие. Ер нь тэгээд бид бүх ажлынхаа уялдаа холбоог хангадаг зохион байгуулалтын бүтцийг дундаа бий болгох нь зөв санагдаж байна. Говийн бүсэд хилийн 4 боомт бий. Энэ бол бидний давуу тал.

Өмнөговь аймгийн ИТХ- ын дарга Х.Сугир: - Өмнөговь бол стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудтай, үүцээ задалж байгаа аймаг. Тавантолгой гэхэд л жилд 30 сая тонн нүүрс олборлолоо гэхэд 250 ашиглах нөөцтэй гэгддэг. Одоо энэ хэмжээнд хүрч олборлолт явагдаагүй байгаа. Төмөр замтай болчихвол экспорт нэмэгдэнэ. Экспорт нэмэгдэхээр уул уурхайн тогтвортой үйл ажиллагаа, үүнийг дагаад олон ажлын байр бий болж, зөвхөн Өмнөговь гэхгүй, говийн бүсийн өрсөлдөх чадварыг өсгөхөд түлхэц өгөх юм.Аялал жуулчлалын хувьд бүсийн хэмжээнд хамтран хөгжүүлэх нь зүйтэй санагдаж байна. Үүний тулд аялал жуулчлалын говийн бүсийн нэгдсэн маршруттай болох хэрэгтэй юм. Монгол орны тэмээн сүргийн дийлэнх нь говийн бүсэд бий. Тэгвэл энэ давуу талаа гадаад, дотоодын аялал жуулчлалыг татахад ашиглах боломж бий.

Дундговь аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ: - Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг үг бий. Хаяа хаяагаа дэрлэн оршиж байгаагийн хувьд говийн гурван аймаг хамтран хөгжих, бие биеэ дэмнэн урагшлах тухай ярихаас аргагүй. Үүний төлөө мөр зэрэгцэн ажиллахаас өөрцгүй юм.Говийн гурван аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийн чөлөөт бүстэй байх нь зүйтэй санагддаг. Хэдэн жилийн урьдаас бид Дундговийн захыг Улаанбаатар хотод нээх тухай ярьсаар ирсэн боловч биелэлээ олоогүй байгаа. Одоо тэгвэл ганц аймаг биш говийн бүсийн жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн борлуулалтын нэгдсэн захыг нийслэлд бий болгох нь зүйтэй санагдаж байна.

Энэ мэтээр чуулганаас төрсөн санаа бодлоо аймгуудын удирдлага хуваалцсан юм. Тэд ээлжит сонгуулийн үр дүнд аймгуудын удирдлага шинээр томилогдож, 2020 он хүртэлх ажлаа төлөвлөж байгаа энэ үед чуулган болсныг олзуурхан дурьдаж байсан.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн 2015 оны судалгаагаар говийн бүсийн Өмнөговь аймаг өрсөлдөх чадвараараа 21аймгийн гуравдугаарт, Дорноговь аймаг аравдугаарт эрэмбэлэгдсэн бол Дундговь аймаг 21 дүгээрт жагссан. Тус аймгийн хувьд эдийн засгийн үндэс нь мал аж ахуй бөгөөд томоохон үйлдвэр, уул уурхайн олборлох үйлдвэргүй тул өөрийн орлого бага. Жилийн төсвийнхөө 80 гаруй хувийг улсаас татаасаар авдаг. Зах зээлийн багтаамж багатай аймаг юм. Гэхдээ нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон, бүх сум нь гэрэл цахилгааны найдвартай эх үүсвэртэй. Нар, салхины эрчим хүчний нөөцтэй. Монгол Улсын хүрэн нүүрсний ордын жар гаруй хувийг агуулж байдаг. Байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын газар олон гээд давуу тал ихтэй аймаг.

Заавал уул уурхайтай байж хөгжинө гэвэл өрөөсгөл. Харин үүний оронд аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх нэг салбар болгон хөгжүүлэх боломж Дундговь аймагт байгааг чуулганд оролцогчид хэлж байв.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П. Цагаан чуулганы төгсгөлд хэлэхдээ, “Юу хийхээ та бүхэн төлөвлөж чадна. Хамгийн гол нь төлөвлөсөн ажлаа хэмжиж чаддаг байх нь чухал. Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй. Удирдаж чадахгүй бол сайжруулж чадахгүй. Тиймээс аливаа ажлыг хэмждэг хэмжүүртэй байх хэрэгтэй. Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгаа бол ийм хэмжүүр юм. 21 аймгийн өрсөлдөх чадварыг 180 үзүүлэлтээр хэмждэг. Энд сүүл мушгиж байна гэдэг онцгойлоод байх асуудал биш. Харин юун дээр бид ямар алдааг засах ёстой юм гэдгээ гаргалгаа болгож авах нь л гол асуудал” гэдгийг онцолсон юм.

Тэрээр “Аль ч засгийн газрын үед шийдэж чадахгүй явсаар байгаа гурван асуудал байдаг. Ажилгүйдэл, ядуурал, үнэ ханш...Энэ гурван тулгамдсан асуудалд говийн аймгууд хамтран өөрчлөлт авчрах болно гэдэгт итгэж байна. Говийн бүс нь Монгол Улсын нийт газар нутгийн 22 хувийг эзэлж, нийт хүн амын 5.6 хувь аж төрөн амьдардаг, үзэсгэлэн төгс байгальтай, гайхамшигтай сайхан хүн ардтай, арвин баялагтай. Өнгөрсөн хориод жилийн хугацаанд говийн өнгө төрх эрс өөрчлөгдөж чадсан шиг улам улам шинэ өнгө төрхийг буй болгож чадна гэдэгт итгэж байна. Энэ чуулган говийн гурван аймгийн хамтын ажиллагааны шинэ эринг эхлүүлж байна” гэв.

Т. Отгонтуяа

 

 

 

相关新闻