Шилдэг загвар зохион бүтээгч, “Үнсгэлжин” охиноо шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-04 22:29:41

Хувцас загвар зохион бүтээгч, загвар өмсөгчийн "Үнсгэлжин-2016" аймгийн аварга шалгаруулах уралдаан энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар суманд зохион байгуулагдлаа.

Уралдаанд аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын бүрэн дунд 20 сургуулийн 120 хүүхэд оролцож уран сэтгэмжээрээ уралдлаа.

Тэмцээн 7-12-р ангийн сурагчдын дунд шилдэг загвар зохион бүтээгч, дизайнер, загвар өмсөгчийн уралдаан гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдлаа. Загвар зохион бүтээгч, дизайнерийн тэмцээнд оролцож буй хүүхдүүд гоёл, үндэс, уран сэтгэмж гэсэн 3 төрлөөр иж бүрэн хувцас хийж оролцсон байна. Ингээд уралдааны дүн эцэслэн гарахад шилдгийн шилдэг загвар зохион бүтээгчээр Мандал сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд 1-р сургуулийн сурагч М.Отгонтуул, “Үнсгэлжин” охиноор Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит улсын Тэргүүний 1-р сургуулийн сурагч Б.Ууганцэцэг нар шалгарчээ.

Энэхүү тэмцээн нь аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ш.Оргилын ивээн дор зохион байгуулагджээ. Уг тэмцээний үндсэн зорилго нь хүүхэд багчуудад шинэ үеийн өнгө төрх, хэв загвар, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, өөрсдийн уран ухаан, сэтгэн бодох авьяас чадварыг хөгжүүлж, шинэ содон загварыг сэтгэн урлах, гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэхэд түлхэц өгөх ажээ. 

Ч.Отгонцэцэг

相关新闻