Германы шигшээ баг финалд шалгарч чадсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МЮНХЕН, 2025 оны зургаадугаар сарын 5 /DW/. Германы хөл бөмбөгийн шигшээ баг УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн хагас шигшээ тоглолтод Португалын багт 1:2-оор хожигдлоо. Тоглолт лхагва гаргийн орой Мюнхен хотын “Альянц Арена” цэнгэлдэх хүрээлэнд болжээ.
Германы баг тооны харьцааг нээсэн боловч давуу байдлаа хадгалж чадсангүй. Хоёрдугаар үеийн 48 дахь минутад довтолгооны хагас хамгаалагч Флориан Виртц гоолджээ. Гэвч 15 минутын дараа Португалын довтлогч Франсишку Консейсау хариу гоол оруулж, тоог тэнцүүлсэн бол ердөө таван минутын дараа Криштиану Роналду гоолдож, тооны харьцааг 2:1 болгосон байна.
Хагас шигшээгийн хоёр дахь тоглолт пүрэв гарагт буюу өнөөдөр Штутгарт хотноо Испани, Францын шигшээ багуудын хооронд болно. Харин Үндэстнүүдийн лигийн финалын тоглолт зургаадугаар сарын 8-нд Мюнхен хотод болох юм.
УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн тэмцээнийг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнөх тэмцээнд Испанийн шигшээ баг түрүүлжээ. Мөн Португал (2019), Францын (2021) багууд аваргалж байв.
Германы баг тус тэмцээний финалд нэг ч удаа шалгарч байгаагүй юм. Энэ улиралд Германы багийн хэсгийн өрсөлдөгчид нь Нидерланд, Унгар, Босни-Херцеговин улсуудын багууд байлаа. Германчууд дөрвөн хожил, хоёр тэнцээгээр хэсгээсээ шалгарчээ.