Нийслэлд хоёр өдөр согтууруулах ундаа, тамхи худалдаалахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-27 10:50:54

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.


Уг аян нь тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий болгох зорилготой ажээ.


Тэгвэл энэ хүрээнд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд  тамхи худалдахгүй байхыг аж ахуйн нэгж, байгууллагад уриалж байна. Түүнчлэн “Дэлхийн тамхигүй өдөр”, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх хоёр өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.


Аяныг дэмжин ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болгосон байна. 



相关新闻