ЗАВХАН: Санхүүгийн суурь мэдлэгтэй, зөв дадалтай болсон ахлах ангийнхан шилдгээр шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймагт “LEVEL-UP” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа болж 3 багш, сургууль шилдгээр шалгарчээ.
УИХ-ын даргын санаачилгаар Монголбанк, Боловсролын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг 6 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт амжилттай хэрэгжүүлжээ.
Завхан аймагт “Level Up" хөтөлбөр хоёрдугаар сард нээлтээ хийж, гурван сарын хугацаанд ахлах ангийн 5033 сурагч, 149 багш хамрагдсан байна. "Level Up" хөтөлбөр нь сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгож, зүй зохистой хэрэглээний дадал хэвшил суулгах, мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой хэрэгжсэн.
Хүүхдүүд хөтөлбөрт хамрагдсанаар ухаалаг менежмент, оновчтой шийдэлд суралцаж, ирээдүйн хуримтлалаа эхлүүлсэн байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээгээр манлайлагч багшаар Улиастай сумын Дэвшил
сургуулийн багш П.Мядагмаа, Жавхлант цогцолбор сургуулийн багш Б.Мөнхшүр, Г.Энх-Амгалан багш нар хамтран бүтээлч сургууль батламжаар, МУИС-ийн
харьяа Завхан аймаг дахь ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш Н.Наранчимэг
нар тус тус шалгарч лаптоф, батламжаар шагнууллаа.
Шилдэг ангиар Дэвшил сургуулийн П.Мядагмаа багштай 11б анги, Жавхлант цогцолбор сургуулийн Б.Мөнхшүр багштай 11д ангиуд шалгарч 70 инчийн зурагтаар шагнууллаа. Эдгээр ангийн хүүхдүүд хөтөлбөрт амжилттай оролцож санхүүгийн суурь мэдлэгтэй, санхүүгийн зохистой хэрэглээний дадал хэвшилтэй болсон байна. Мөн мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай болсон тухай Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв.
“Level Up" хөтөлбөрт амжилттай оролцсон ангийнхан