ЗАВХАН: Дөрвөлжин сумын өрх бүр хашаандаа мод тарьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/.
Завхан аймгийн Дөрвөлжин сум хаврын мод тарих өдрөөр 500 мод тарьжээ.
Манай сум “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг дэмжиж жил бүр бүх нийтээрээ мод тарих ажилд идэвхтэй оролцож, айл бүр хашаандаа мод тарих, байгууллага аж ахуйн нэгж бүр гадна талбайдаа цэцгийн мандлыг бий болгодог.
Энэ хаврын мод тарих өдрөөр Хандын эрэг дагуу 400 мод, авто зам дагуу 100 мод тарилаа. Мөн “Нэг хашаа, нэг мод” хөдөлгөөнийг 3 жилийн хугацаатай сумандаа өрнүүлж айл бүр хашаандаа мод тарьж ургуулж эхэлсэн байна. Сумын төв 127 өрхтэй бөгөөд эдгээр өрх хашаандаа 1-3 мод тарьж ургуулснаар гурван жилийн дараа модоо арчилж тордож ургуулсан өрхийг урамшуулж гэр бүлээр нь гадаад оронд аялуулах юм. Иргэд маань идэвхтэй мод тарьж байна.
Манай сум говийн сум, элсний нүүдэл их, хуурайшилтын зэрэг их, шороон шуурга, салхи, нөөлөг ихтэй сум. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын аюултай үзэгдлүүдийн тоо нэмэгдсэн.
Тиймээс бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, элсний нүүлтийг
багасгах, хөрс, усаа хамгаалахын тулд мод тарих хөдөлгөөнийг илүү үр дүнтэй
зохион байгуулна. Энэ хавар тарвас болон Ховдын торниун алимын мод 100 ширхгийг
суулгаж тарина. Социализмын үед манай сум тарвас тариалдаг байсан
түүхтэй. Энэ хавар тарвас тариалж байсан хүнээс мэргэжлийн зөвлөгөө
тусламж авч тарина. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Жил бүр тарих
модоо аймгийнхаа мод үржүүлгийн газраас татан авч 4-6 төрлийн модыг мэргэжлийн
хүмүүсээс нь зөвлөгөө авч тарьж ургуулж байна.
Манай сум Завхан гол, Хандын эрэг дээр оршдог. Хандын эгц эрэг дагуу 400 мод тарьсан нь нэг талаас аюулгүй байдлыг хангаж, нөгөө талаас сумынхаа өнгө үзэмжийг нэмэх зорилгоор мод тарилаа.
Түүнчлэн авто зам дагуу
100 модыг суулгасан нь элсний нүүлтийг багасгах зорилготой юм. Мод тарих ажилд сургуулийн хүүхдүүд, ахмадууд, төрийн албан хаагчид оролцлоо. Тарьсан модоо байгууллага, иргэд хамтран байнгын арчилгааг
хийж ургуулах юм.
Мөн суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа "Баян-Айраг эксплоэйшн" ХХК-иас 1 сая модыг тарьж ургуулахаа амлаж өнгөрсөн жил 300, энэ жил 340 мод тарьсан байна. Ирэх жил 300 гаруй мод тарьж, тарьсан модоо арчилж ургуулж хүлээлгэн өгөх юм гэж Дөрвөлжин сумын ЗДТГ-аас мэдээлэв.