"Эвдэрсэн газаргүй Баянхонгор" төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-02 23:52:46

Баянхонгор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Нэг уурхай, нэг үйлдвэр” хөтөлбөр тусгажээ.

Тодруулбал, тус аймагт зөвхөн Хариуцлагатай уул уурхайн компанийг ажиллуулахаар болсон байна. Мөн тус аймаг ирэх жилүүдэд "Эвдэрсэн газаргүй Баянхонгор" төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Өнгөрсөн жилүүдэд хөдөөд өвөлжөө бууц эвдсэн, нөхөн сэргээлт нэрээр шинээр газар ухсан асуудлууд цөөнгүй байсныг албаны хүн хэлсэн. Тус асуудлуудад мэргэжлийн байгууллагууд ажиллаж, хэд хэдэн удаагийн шалгалтаар үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч байгаа аж. Мөн эвдэрсэн газруудыг тоолж, сумдын иргэдээр хэлэл­цүүлж журам боловсруулж батлуулах юм байна. Газрын баялгийг ашиглаж эргэн нөхөн сэргээлт хийх, ашиглалтын лицензтэй компаниудаас орон нутагт орлого төвлөрүүлэх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг чухалчилна гэдгээ албаныхан мөн хэлсэн юм.

Сонирхуулахад, Германы хамтын  ажиллагааны төсөлтэй хамтарч тус аймгийн Галуут суманд уул уурхайн зөвлөлгөөн зохион байгуулж, уул уурхайн компаниудтай тухайн сум багийн иргэд хамтарч ажиллах ямар боломж байгааг судалжээ. Нарийн мэргэжил шаардахгүй ажилд сум багийн иргэдийг авч ажиллуулах, ажлын хувцсыг өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс оёж өгөх, сүү цагаан идээ, махыг иргэдээс худалдан авах чиглэлийн асуудлыг мөн ярилцсан байна.

                                                                                                                    Б.Мөнхзул

相关新闻