ЗАВХАН: Обьектын гал түймрийн эрсдэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 21 суманд обьектын гал түймрийн дунд эрсдэлтэй байна.
Гамшгийн эрсдэлийн үнэлгээгээр Улиастай, Тосонцэнгэл, Алдархаан сум их, бусад 21 сум дунд эрсдэлтэй.
Аймгийн хэмжээнд гал түймрийн аюул өндөр, өртөнги, эмзэг байдал дунд, чадавх бага үнэлэгдсэн ба эрсдэлийн түвшин 51.00 оноотойгоор дунд эрсдэлтэй үнэлэгдсэн.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь өмчийн хэлбэрийг үл харгалзан гамшгийн эрсдэлийн нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ хийнэ” гэж заасны дагуу гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийдэг.
Ингэснээр аймгийн нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж үнэлгээний дүнд үндэслэн урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэл хохирлыг бууруулах ажлыг төлөвлөн хэрэгжүүлдэг.
Завхан аймгийн хэмжээнд жилд дунджаар 110-130 аюулт үзэгдэл, осол, гал түймрийн дуудлага ирдэг. Үүний 45-50 орчим хувийг обьектын гал түймрийн дуудлага эзэлдэг.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар аймгийн хэмжээнд обьектын гал түймрийн дуудлага 10 ирсэн. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад обьектын гал түймрийн дуудлага 30 хувиар нэмэгдсэн байна.
Аймгийн төв Улиастай сумын нийт өрхийн 38 хувь нь орон сууцанд, 62 хувь нь гэр, хувийн орон сууц, байшинд амьдарч байна. Аймгийн 24 сумын барилга байгууламжийн 60 хувийг модон хийц бүхий барилга байгууламж эзэлдэг ба сумын болон аж ахуйн нэгж байгууллагын галын сайн дурын бүлэг, хэсгийн чадавх сул байгаа нь эрсдэлтэй байна.
Улиастай сумын төвийн хэсгийн худалдаа, үйлчилгээний цэгүүд, үйлчилгээний барилгууд, Тосонцэнгэл сумын төв гудамж дагуух үйлчилгээний барилгууд нь барилга хоорондын зай хэмжээ зөрчиж хэт ойрхон баригдсан модон хийцийн барилгууд тул гал түймэр гарах эрсдэл их байна.
Түүнчлэн аймгийн төвийн төв зам дагуух шатахуун түгээх станцууд нь зай хэмжээ зөрчиж хэт ойрхон олон барьсан нь эрсдэл их байна.
Тиймээс сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад аюулгүй амьдрах ухаан, гал түймэр, гамшиг, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах чиглэлээр сургалтын хөтөлбөрт тусган оруулах.
Сум, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд гамшиг, галын түймрийн сайн дурын хэсгийг шалгаруулах болзолт уралдаан зарлаж, шалгарсан сум, аж ахуйн нэгж байгууллагыг шагнаж, урамшуулах. Сум, багийн Засаг дарга нар жил бүрийн хавар, намрын улиралд төлөвлөгөөт хяналт шалгалтыг айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад хийж галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, заавар зөвлөмжийг өгөх.
Галын аюулгүй байдлын стандарт, норматив зөрчигдсөн олон нийтийн барилгын галын аюулгүй байдлыг хангуулах, шинэчлэх, урсгал их засварыг хийх, дахин төлөвлөлтөд оруулах нь зүйтэй юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.