"Эрдэнэт"-ийн хүдэр боловсруулалтын хүчин чадал 32 сая тоннд хүрсэн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-02 17:25:43

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн явц зэргийн талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд өнөөдөр мэдээлэл хийв.

Сайдын өгсөн мэдээллээр хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны нэгдүгээр сараас эхлэн нийт 37 удаа цахим хэлбэрээр 3915 дугаарыг олгож, 2335 өргөдлийг хянан шийдвэрлэжээ. Бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ нь 13.26 сая гектар байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор нийтэд зарласан 20.9 сая гектар талбайн 63.44 хувийг эзэлж байгаа аж. Энэ оны 11 дүгээр сарын байдлаар хайгуулын 2142 ш, ашиглалтын 1564 ш тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд 14.7 сая гектар буюу Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 9.4 хувийг эзэлж байгаа юм байна. 

Монгол Улсын хэмжээнд газрын тосны хайгуулын 32 талбай ялгаснаас 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нэг талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусгавар болж, нэг талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээ цуцлагдсан, 22 талбайд 19 компани бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж. 

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьд жилд 16 сая тонн зэс молбидений хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар 1978 онд ашиглалтад орсон. Өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг байнга авч хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2014 оны гүйцэтгэлээр жилд 26 сая тонн хүдэр боловсруулсан нь төслийн хүчин чадлаа 1.6 дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт аж. Тус үйлдвэрийн хүдэр боловсруулалтын хүчин чадал өнөөдрийн байдлаар 32 сая тоннд хүрсэн болохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж танилцуулав.

Байнгын хорооны гишүүд тайлантай холбогдуулан асуулт асуун хариулт авснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм.

Н.Туяа

 

相关新闻