Орхон аймаг 2036 он хүртэлх хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Орхон аймаг уул уурхайгаас хамааралтай ирээдүйд нүүр тулах эрсдэл, хүндрэлээс урьтаж дараагийн хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлон, хүний хөгжил, эдийн засаг, байгаль орчныг харилцан хамааралтай тэнцвэртэй хөгжүүлэхээр зорьж буйгаа “Хойд бүс-Эрдэнэт хот” эдийн засгийн форумын үеэр зарлалаа. 12 жилийн хөгжлийн нэг үе гэж төлөвлөн 2036 он хүртэл бүтээлч, ухаалаг, тогтвортой байх үзэл баримтлалыг дэвшүүлжээ.
Эрдэнэт хотыг 1976 онд байгуулсан. Ирэх онд Орхон аймгийн 50 жилийн ой тохионо. 50 жилийн хугацаанд уул уурхай, хүнд үйлдвэрлэлд тулгуурлан зууны манлай бүтээн байгуулалттай хот болон хөгжсөн. Улсын төсвийн 30 орчим хувийг, орон нутгийн төсвийн 90 орчим хувийг дангаараа бүрдүүлж ирсэн аймгийн өнөөгийн асуудал ажилгүйдэл 7,9 хувь, уул уурхайн орлогыг тооцохгүй эдийн засгийн үзүүлэлтээрээ улсад 19 дүгээрт бичигдэж байна.
Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр “Ирээдүйн эрдэнэт” сэдвээр тавьсан илтгэлдээ, “Бид цаашид аль нэг салбараас хамааралтай байх нь эдийн засагт урт хугацаандаа эрсдэлтэй. Тиймээс хөгжлийн шинэ үзэл баримтлал, бодлогоо тодорхойлоод байна” гэв. Мөн тэрбээр, энэхүү хөгжлийн үзэл баримтлал, үүний хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд “Ирээдүйн Эрдэнэт” хот “Хүн төвтэй, бүх зүйл нь ойр, хүүхдэд ээлтэй хот” болсон байна гэдгийг онцолсон. 2036 он хүртэл 12 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэх хөгжлийн үзэл баримтлалын эхний үе шат 2025-2028 онд хэрэгжинэ.
Энэ хугацаанд нийгмийн салбарын хөгжлийг тодорхойлсон “Эрүүл оюунлаг хот” төслийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх 22 төсөл, шинжлэх ухаан, судалгаанд суурилсан “Ухаалаг хот” төслийн хүрээнд орон сууцжуулах, нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээний чанар, авто замын шинэчлэл, ногоон байгууламж, камерын хяналт зэргийг сайжруулах 24 төсөл, агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох зорилготой “Цэвэр агаартай хот” төслийн хүрээнд 24 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн “Эрүүл оюунлаг хот” төслийн хүрээнд нийгмийн салбарын 10 дэд төслийг хэрэгжүүлнэ. “Эрүүл, оюунлаг хот”-ыг бий болгох суурь салбар нь боловсрол байна гэж үзэн шинээр цэцэрлэг, сургууль барьж, удаашралтай бүтээн байгуулалтуудаа ашиглалтад оруулна. Өөрөөр хэлбэл, хүүхэд гэрээсээ хамгийн ихдээ 1 км зайд цэцэрлэгт, 1,5 км зайд сургуульдаа очдог байх, анги дүүргэлтийг цэцэрлэгт 20-25, сургуульд 25-30 байх нөхцөлийг бүрдүүлснээр төслийн үндсэн зорилго ойрхон цэцэрлэг, сургууль, эрүүл хүүхэд эрүүл орчныг бүрдүүлнэ гэж үзэж буйгаа аймгийн Засаг даргын орлогч Д.Соёлчхүү илтгэлдээ танилцуулав.
Төслийг боловсруулахдаа өнөөгийн Орхон аймаг, Эрдэнэт хотын боловсролын нөхцөл байдлыг судалж үзжээ. Эрдэнэт хотод 39 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагийн хотын төвийн 7 багт 19 цэцэрлэг төвлөрсөн байгаа нь хүүхдийн ачаалал ихтэй байна. Хамгийн их анги дүүргэлт 44 хүүхэдтэй, гэр хорооллын зарим өрх цэцэрлэгээсээ 2,5-4,5 км зайд алслагдсан байна. Нөгөө талдаа шинээр үүсэж байгаа орон сууцны хорооллуудад 7а, 2а, Уурхайчин, 1а зэрэг 4000 мянга иргэдтэй хорооллын дунд нэг ч цэцэрлэг, сургууль байхгүй байгаа нь өнөөгийн тулгамдсан асуудал болоод буй.
Тиймээс 2028 он хүртэл шинээр 9 байршилд 1800 хүүхдийн цэцэрлэг барьж, холоос явах зайг 1 км болгон бууруулах зорилтыг дэвшүүлжээ. Энэ төслийн хүрээнд боловсролоос гадна эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах, спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх төслүүд ч хэрэгжинэ. Тухайлбал, ирэх жилүүдэд “Эрдэнэт Арена” спорт цогцолборын ордон, битүү дээвэртэй мөсөн ордон барихаар төлөвлөж байна. Ингэснээр өвлийн спортын аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улс, бүс нутгийн тэмцээнүүдийг зохион байгуулдаг байхаар төлөвлөж байна.
Түүнчлэн төр хувийн хэвшлийн түншлэлээр орон нутагт хэрэгжүүлэх боломжтой төслийн танилцуулгуудыг хийж, орон нутгийн бизнес эрхлэгчид, бизнесээ өргөтгөх сонирхолтой томоохон үйлдвэрлэгчид, донор байгууллагуудын төслийн үзэсгэлэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахын зэрэгцээ гадаа талбайд барилга эрчим хүчний ногоон техник, технологи, агро технологийн үзэсгэлэнг зохион байгууллаа.