СЭЛЭНГЭ: Шилдэг сурагчдаар дамжуулан сургалт нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг
даргын нэрэмжит “Сувдан инээмсэглэл” шүд угаалтын аймгийн аварга шалгаруулах
тэмцээний шилдгүүд тодорлоо.
Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл
шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын 2025-2028
оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл шүд” зорилтыг дэвшүүлээд байгаа.
Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн
Засаг даргын ивээл дор аймагтаа анх удаа “Сувдан инээмсэглэл” шүд угаалтын
аварга шалгаруулах тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгууллаа.
Тэмцээний нэгдүгээр шат дөрөвдүгээр
сарын 25-29-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн таван бүсэд болж, тэмцээнд 34
сургуулийн 4-7 дугаар ангийн 272 хүүхэд өрсөлдсөн юм.
Энэ удаа 5 бүсээс шалгарсан 10
багийн 80 хүүхэд хоёрдугаар шатны тэмцээнд оролцож, аймгийн аваргын төлөө
өрсөлдлөө.
Ингээд тэргүүн байрт Сүхбаатар сумын
ЕБ-ын 1 дүгээр сургууль шалгарч, удаах байруудад Зүүнбүрэн сумын ЕБС, Мандал
сумын ЕБ-ийн 2 дугаар сургууль тус тус шалгарсан байна.
Тэмцээний үр дүнд Сэлэнгэ аймгийн
хэмжээнд амбулаторийн үзлэгт 19 хүртэлх насны хүүхдийн шүдний үзлэгийн хувь 11,9
хувийг эзэлж, үүнээс 5-6 насанд шүд цоорол 2,4 хувь, 12 насанд 4 хувь,
18 насанд 5,1 хувьтай гарсан байна.
Үүнийг Монгол Улсын 2024 оны суурь
түвшинтэй харьцуулахад 6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчин 3,6 хувиар бага,
харин 12 настай хүүхдүүдийн дунд 1,9 хувиар их гэсэн судалгаа гарчээ.
Иймээс цаашид аймгийн хэмжээнд
хүүхэд, өсвөр үеийнхний дунд үе тэнгийн сургагч багш бэлтгэх, мөн сургалт
нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарах юм.
Мөн жил бүр “Сувдан инээмсэглэл” шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж, шилдэг сурагчдаар дамжуулж сургалт нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ.