ОРХОН: “Хойд бүс-Эрдэнэт 2025” эдийн засгийн форум эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЗДТГ-аас “Хойд бүс-Эрдэнэт 2025” эдийн засгийн форумыг санаачлан өнөөдөр нээлтээ хийлээ.
Форумаар 50 жилийн өмнө байгуулж байсан Эрдэнэт хот 2036 он хүртэлх хөгжлийн үзэл баримтлалаа Бүтээлч, Ухаалаг, Тогтвортой байхаар төлөвлөснөө танилцуулах юм. Хөгжлийн үзэл баримтлалд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг тэнцвэртэй авч явахаар тодорхойлоод байна.
2036 он хүртэл 12 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэх хөгжлийн үзэл баримтлалын эхний үе шат 2025-2028 онд хэрэгжинэ. Мөн энэ хугацаанд нийгмийн салбарын хөгжлийг тодорхойлсон “Эрүүл оюунлаг хот”, шинжлэх ухаан, судалгаанд суурилсан “Ухаалаг хот”, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох зорилготой “Цэвэр агаартай хот” зэрэг төслийг хэрэгжүүлнэ.
Эдгээр төслийн хүрээнд хэрэгжих 60 дэд төсөл, түүний үр дүнг форумаар танилцуулж, эрдэмтэн судлаачдын санал шүүмжийг сонсоно.
Мөн А.Амарын талбайд барилга, эрчим хүчний ногоон шийдэл бүхий техник, технологи, агро технологийн үзэсгэлэнг олон байгууллага дэлгээд байна.