СЭЛЭНГЭ: Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аугаа их эх орны дайны
ялалтын 80 жилийн ой энэ онд
тохиож байна. Энэхүү түүхэн ялалтын ойн хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг
суманд байрлах Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.
Өнөөдөр болсон хүндэтгэлийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, аймгийн Засаг дарга
Н.Лхагвадорж, Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий консул Руслан Амирович
Зайнутдинов, ОХУ-ын Хиагтын районы Засаг дарга Андрей Юрьевич Фомин нар
оролцлоо.
Дайны жилүүдэд Монголын ард түмэн 740 гаруй вагоноос бүрдсэн 6 удаагийн бэлгийн цувааг фронтод хүргүүлсэн байдаг. 1941 оны 11 дүгээр сард Улаан армид зориулан Монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээсэн бөгөөд түүнд 15000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440 нэхий хөнжил зэрэг зүйл орсон байдаг.
Монголын ард түмний хөрөнгөөр
үйлдвэрлэн бэлэглэсэн ”Хувьсгалт Монгол” танкийн цуваа. Танкийн цуваа байгуулах
хөрөнгө цуглуулах ажлын хүрээнд 4,5 сая төгрөг, З00 кг алт, 100 000 америк
долларыг ЗХУ-ын Гадаад худалдааны банканд урьдчилан шилжүүлсэн байна. Энэхүү хөрөнгөөр танкийн цувааг ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-34 загварын 32, Т-70
загварын 21, бүгд 53 танкаар бүрдүүлэн байгуулжээ. Монголын ард түмнээс
Зөвлөлтийн Улаан армид бэлэглэсэн бас нэг байлдааны техник бол “Монгол ард”
нисэх онгоцны эскадрил байв. “Ла-5” загварын 12 нисэх онгоцноос бүрдсэн уг
эскадрил гарамгай гавьяа байгуулсан учир ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан
тугийн болон Суворовын одонгоор шагнуулж байв.
Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод зориулан 485,000 агт сайн морио нийлүүлжээ. Малчин ардууд 32,5 мянган адуугаа ЗХУ-д бэлэглэж байв. Орос цэргүүд монгол морийг өхөөрдөж “монголка” гэж нэрлэдэг байсан бөгөөд дайны үеийн зургаан морин дивизийг хангахад хүрэлцжээ. Ийнхүү хүнд замыг туулж, Берлин хүрсэн монгол морьдод зориулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Москва хотын төвд босгосон байдаг.








