ОРХОН: БОЭТ-ийн эмч нар судсан дотуурх 1000 дахь мэс заслаа амжилттай хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн БОЭТ-ийн эмч нар 4 дүгээр сарын 29-ний өдөр судсан дотуурх 1000 дахь мэс заслаа амжилттай хийлээ.
Судсан дотуурх мэс заслын үеийн тусламж үйлчилгээг орон нутагтаа нутагшуулахаар 2022 онд БОЭТ-д ангиографийн анхны аппаратыг суурилуулж байсан.
Хүний нөөц, эмч, мэргэжилтнүүдээ бодлогоор бэлтгэсний үр дүнд 1000 дахь иргэнийхээ амийг аварлаа. БОЭТ шинээр 58 төрлийн эмчилгээ, үйлчилгээг нэвтрүүлж, иргэд үр шимийг хүртэж байгаагийн нэг нь энэхүү судсан дотуурх мэс засал юм.
Технологийн
дэвшлийг ашиглан хийж буй энэхүү тусламж, үйлчилгээ нь Орхоныхон төдийгүй хойд
бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд
ихээхэн ач холбогдолтой. Ирэх жилүүдэд хойд бүсийн хэмжээнд "Зүрхний
төв" байгуулахаар зорьж байгаа юм.