ОРХОН: Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-29 14:54:21

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 / МОНЦАМЭ/. Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт медикал” эмнэлгийг ЭМЯ-ны харьяа ХСҮТ-ийн салбар эмнэлэг болгохоор Монгол Улсын Засгийн газар бодлогын түвшинд шийдвэрлээд байгаа.


Уг асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцлоо. Тэрбээр "Хойд бүсийн 306 мянган иргэний 10 хувь нь ХСҮТ-д хавдрын хяналт, тусламж үйлчилгээг авч байна. Орхон аймаг хойд бүсийн хэмжээнд хавдрын үеийн эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлдэг болсноор бүс нутгийн хүн амд учирч буй хүндрэл бүх талаар буурна гэж үзэж буйгаа" илэрхийллээ.


“Эрдэнэт медикал” эмнэлгийн хувьд төрөлжсөн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 10 дахь жилдээ үзүүлж байна. Хүний нөөц, техник технологийн бааз суурь сайтай, гагцхүү үүнийг бүс нутгийн хэмжээнд бүрэн дүүрэн ашиглах шаардлагатайг онцлохын зэрэгцээ эмнэлгийн мэргэжилтэн албан хаагчдын ажлын байр, цалин урамшуулалд өөрчлөлт гаргахгүй гэдгээ уулзалтын үеэр салбарын сайд хэллээ.




相关新闻