ОРХОН: 2024 онд ХАА-г дэмжих хөнгөлөлттэй зээлийг 44 иргэн аж ахуйн нэгжид олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-29 11:19:35

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний Орхон аймгийн хэрэгжилт, үр дүнтэй танилцах зөвлөлдөх уулзалт боллоо.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр аймгийн холбогдох албаныхан болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, орон нутагт хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл солилцжээ. 


Тус аймгийн хувьд хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 2023 онд 45 иргэн аж ахуйн нэгжид 15,0 тэрбум төгрөг, 2024 онд 44 иргэн аж ахуйн нэгжид 9,4 тэрбум төгрөгийн хүнс хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийг олгоод байна.


Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 31 байнгын 345 ажлын байр шинээр нэмэгдээд байгаа юм.


Аймгийн хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 81.8 хувь, хүнсний үйлчилгээний 82.6 хувь нь тохирлын баталгаатайгаар зах зээлд хүрч байгаа. Энэ нь “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагааны бодит үр дүн гэдгийг албаныхан онцолсон юм.


Өнөөдрийн байдлаар Орхон аймагт хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж 55, иргэн 78, мал, мах төхөөрөх мах боловсруулах 31, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 4, гурилын үйлдвэр 5, хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэр 73, савласан рашаан, усны үйлдвэр 12 гээд нийт 125 нэгж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.


Мөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэж байгаа төдийгүй 2024 онд Иран, Азербайжан, ОХУ-д Эрдэнэт мах маркет, Эрдмийт, Жаргалант мах импекс, Монгема компаниуд 1600 тн адуу, хонины мах экспортлоод байна.


Орхон аймаг орон нутгийн хэрэгцээгээ 21 төрлийн 8 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр иргэдээ хангаж байна.




相关新闻