СЭЛЭНГЭ: Мэндчилгээ бүхэн хүндэтгэлийн утга илэрхийлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-27 07:35:19

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монголчуудын мэндлэх, хүндлэх ёс арвин баялаг уламжлалтай бөгөөд мэндчилгээ бүхэн нь хүндэтгэлийн утга илэрхийлдэг байна.

 

Жишээ нь баяр ёслолын, ажил мэргэжлийн, хүндэтгэлийн, улирлын, захидал бичих, ердийн мэндийн үг гэх мэт.

 

Тодруулбал, ердийн мэндийн үгийг хэлэхдээ гаднаас ирсэн хүн гэрийн гадаа ирж, мориноосоо буухын өмнө:

-Нохой хорио! гэхэд гэрийн эздээс хэн нэг нь гарч ирэн нохой хорьж өгдөг. Тэгэхэд тухайн хүн мориноосоо бууж, морио уяад (тушаад) зочин хэт хутгаа буулган гэрт ордог. Хэт хутгаа буулгадаг нь муу санаа өвөрлөж ирээгүй, аюулгүй гэдгийн тэмдэг юм.

 

Гэрт ороод олон хүн байвал, сайн байцгаана уу, ганц хүн байвал сайн байна уу та гэж мэндэлнэ.

 

Гэрийн эзэн дээшээ сууна уу, (морил) гэж зочныг хүндлэн суулгасны дараа тухайн үеийн байдлаас хамааран сайн зусаж (намаржиж, өвөлжиж, хаваржиж) байна уу гэж мэндчилнэ.

 

Энэ мэт хариу мэндчилэн, хэрэг зориг хаа хүрнэ, хэт нутаг хаана билээ гэх зэргээр байдлыг мэдэхээс гадна, цай идээ барьж, хүндэтгэн зочилдог уламжлалтай.

 

Хэрэв чанасан цай, хоол болж байхад зочин ирж тохиовол бэлгэ дэмбэрэлтэй явна гэж үздэг.

 

Дүү насны хүн ахмад хүнтэй эхлэн мэндчилж амрыг эрдэг ёстой. Малын бэлчээрт, эсвэл замд тааралдсан хүнтэй бол зөв талаараа зөрөх маягтай болж мэндчилнэ. Хэрэв яараагүй бол мориноосоо бууцгаан газар сууж мэндээ солилцохын хамт хөөрөг, гаанс зөрүүлэн ахуй байдал, аж амьдралынхаа талаар хөөрөлдөж, нэг ёсондоо тодорхой мэдээлэл олж аваад явцгаадаг байна.

 

Түүнчлэн эсгий хийх, ноос савах, унага тамгалах болоод бусад зан үйл, ёслолын үеэр холбогдох бэлгэ дэмбэрлийн үгийг харилцан хэлэлцэж, ажил үйлсэд нь гар бие оролцон туслалцдаг байна. 

相关新闻