Б.Мягмардорж: Гэрэл зураг сонирхогч байснаар мэдрэмж, хурд, тэсвэр тэвчээрт суралцдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд улсын хэмжээнд “Гэрэл зургийн 7 хоног” болж байна. Үүний хүрээнд Төв аймгийн Аргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, гэрэл зураг сонирхогч Б.Мягмардоржтой ярилцлаа.
-Сургуулийн
нийгмийн ажилтнаас гэрэл зураг сонирхогч болж эхэлсэн үеийн түүхээсээ
хуваалцана уу?
-Анх нийгмийн ажилтан болохоор аливаа үйл ажиллагааны мэдээ, тайланд зориулж ажлынхаа камераар зураг авдаг байлаа. Гурван жилийн өмнө гэрэл зураг сонирхдог найзтайгаа уулзтал зургийн цуглуулгаа үзүүлсэн. Түүнийг хараад л зураг дарах хүсэл нэмэгдэж цэцэг, навч, амьтан, ургамал гээд л нүдэнд сайхан харагдсан бүхнийхээ зургийг дардаг болсон.
-Зураг дарахад
олон зүйлийг сурах шаардлага гардаг. Өнгө гэрлийг тохируулах, өнцөг, үйл
явдлыг тааруулах, обьект сонгох, камерын үзүүлэлт, тохиргоог мэдэж авах гэх
мэт...Та үүнд яаж суралцаж байна вэ?
-Би өөрөө гэрэл зураг сонирхогчдын клубтэй. Клубээрээ дамжуулан гэрэл зураг сонирхогчдоос асуух зүйлсээ асууж, мэдээлэл солилцдог. Зураг авалтын газар, цагийг мөн тус клубийн хамт олонтойгоо ярилцаж байгаад төлөвлөгөө гаргаж, хамт явах үе их бий. Энэ долоо хоногт элсэн тасархай, дараа долоо хоногт ой мод, дараа хоногт цэцэрлэгт хүрээлэн гэх мэтээр төлөвлөдөг. Мэдэхгүй зүйлсээ олон нийтийн сүлжээ, тэр дундаа youtube сайтаас мэдэж авдаг. Орчин үед интернэт байхад мэдэхгүй зүйл, бүтэхгүй юм гэж үгүй болсон мэт санагддаг.
-Та ямар
төрлийн зургууд авах дуртай вэ? Хамгийн дуртай зургийнхаа түүхийг хуваалцвал?
-Байгалийн натур зургуудад их гардаг байсан. Сүүлийн үед хөрөг зургийг илүү сонирхож суралцах болсон. Хөрөг зураг нь тэр хүний байгаа байдлыг илүү тодотгож, зурагчны мэдрэмжийг илүү хурцалдаг санагддаг. Гэрэл зургийн долоо хоногт зориулсан үзэсгэлэнд л гэхэд миний таван уран бүтээл дэлгэгдсэн. Үүнээс "Гэрэл гэгээ" зураг маань надад аз жаргал, инээд хөөр бэлэглэсэн хамгийн сэтгэлд үлдсэн зураг болсон. Энэ зургийн эзэн нь ч мөн адил өөрийгөө хараад “Би хөөрхөн байна” гэж эгдүүтэй хэлэх нь сэтгэлийг минь дулаацуулж байсан.
-Камер, линз нь
ямар үзүүлэлттэйг хэрэглэж байгаа вэ?
-Өмнө жилээс цалингаа цуглуулж байгаад камер авсан. Canon, Sony брэндийн камеруудыг хэрэглэж байгаа бөгөөд ихэвчлэн Sony брэндийн камерыг хэрэглэдэг. Нягтаршил өндөр, өнгөний гарц гоё санагддаг.
-Таны хувьд маш
их цаг хугацааг зарцуулж байсан гэрэл зураг ямар зураг байсан бэ?
-Амьтны зураг маш их цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаарддаг. Миний хувьд нэг шувууны зураг дарах гэж хоёр сар болж байлаа.
-Гэрэл зураг сонирхогч
байх нь ямар давуу талтай байдаг вэ?
-Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлнэ. Түүнчлэн гэрэл зураг дарах гэж маш их алхдаг. Уул хад, элс, нуур гээд л очихгүй газар гэж үгүй. Мөн төдийлөн их ярьж, өөрийгөө ойлгуулж чаддаггүй хүнд бусдад дотоод ертөнцөө таниулах боломжийг бий болгож, хөгжих, сонирхлоо ойлгоход маш их тус нэмэр болдог. Хамгийн сонирхолтой давуу тал нь маш торгон мөчүүдийг харах боломжтой. Тухайлбал, Намар дарсан бугын зураг л гэхэд гэрэл зурагчидтайгаа зураг авалтад явж байгаад санамсаргүй таарч, урамдаж байх үеийн агшныг буулгаж чадсан байдаг. Гэрэл зураг сонирхогч байснаар мэдрэмж, хурд, тэсвэр тэвчээрт суралцдаг. Мөн ертөнцийн хамгийн жижиг зүйлсээс ч сэтгэл ханамж авч чаддаг болдог. Насан туршдаа энэ урлагийг суралцсаар л байх болно гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.